Орон сууцны залилан: 3111 иргэн 107.7 тэрбум төгрөгөөр хохирчээ www.gogo.mn
Орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд болж, хохирлыг барагдуулах, цаашид иргэдийг давхар захиалгын гэрээнд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 452.4 сая төгрөгийн дөрвөн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, дөрвөн иргэний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байна.
Цагдаагийн байгууллагад орон сууцны захиалгын гэрээтэй холбоотойгоор3111 иргэнд 107.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэрэг шалгагдаж байна.
Мөн орон сууц барих захиалгын гэрээ байгуулан иргэдийг залилсан гэх 14 аж ахуйн нэгжийн удирдлага болох 21 этгээдтэй холбоотой хөрөнгийн мэдээллийг шалгажээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тэдгээр этгээдүүд болон хамаарал бүхий 363 иргэний нэр дээр бүртгэлтэй 823 үл хөдлөх хөрөнгө, 226 газар эзэмших эрх, 102 автомашин байгааг тогтоосон байна.
Түүнчлэн орон сууцны захиалга авч эхэлснээс хойш өмчлөх, эзэмших эрх үүссэн 250 үл хөдлөх хөрөнгө, 132 газар эзэмших эрх, 53 автомашины хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ажлын хэсгээс орон сууцны залилантай холбоотой хамгийн олон хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцны залилантай холбоотой 67.2 тэрбум төгрөгийн 89 төлбөр төлөгч хуулийн этгээдийн 1135 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд 12 хуулийн этгээдийн 18.7 тэрбум төгрөгийн 259 гүйцэтгэх баримт бичигт нийт 226 үл хөдлөх, 14 хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжилжээ.
Харин долоон хуулийн этгээдийн 21.2 тэрбум төгрөгийн 28 гүйцэтгэх баримт бичигт нийт 41 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 14 үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоосон байна. Мөн 19 хуулийн этгээдийн 21.1 тэрбум төгрөгийн 434 гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд нийт 26 дуусаагүй орон сууц, барилгыг тогтоожээ.
Цаашид иргэдийн захиалсан орон сууцыг давхардуулан борлуулах, захиалгын гэрээг давхар байгуулах эрсдэлийг бууруулах зорилгоор түр журам боловсруулж байгаа аж. Уг журмаар захиалсан орон сууц, талбайн мэдээллийг бүртгэх, урьдчилсан тэмдэглэл хийхээс гадна иргэд өөрийн мэдээллийг нээлттэй шалгах боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Учир нь одоо мөрдөж буй зохицуулалтаар нийтийн зориулалттай дуусаагүй барилгыг бүртгүүлэх нь сайн дурын шинжтэй тул бүх захиалгын гэрээг бүртгэх боломжгүй байгаа юм. Харин дуусаагүй барилгаар бүртгэлтэй тохиолдолд урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой байна.
Ажлын хэсгээс орон сууцны залилантай холбоотой хамгийн олон хохирогчтой 14 компанийн хэргийг шуурхай шийдвэрлэж чадвал нийт хэргийн 60 орчим хувийг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Иймд хохирлыг барагдуулах, холбогдох аж ахуйн нэгжүүдийн нуугдмал хөрөнгийг илрүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ орон сууц захиалгын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Нийтэлсэн огноо2026-08-21





