Г.Дамдинням: QR кодоор цагаа захиалаад шатахуунаа авдаг болно www.itoim.mn
Шатахууны хомсдолыг бууруулах шуурхай штабын хурал өнөөдөр болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах үүрэг даалгаврыг өгчээ.
Тэрээр “Улаанбаатар хотод шатахуун түгээлт тогтвортой байдал руу шилжлээ. Аж ахуй нэгжүүд өнөөдрөөс орон нутгийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхааръя. Улаанбаатар хотынхоо шатахууны хангамжийг тогтмол бариад импорт зарим өдрүүдэд буурч байна. Гэхдээ дунджаараа харьцангуй боломжийн харагдаж байгаа учраас орон нутгийг тогтворжуулах хэрэгтэй байна. Нэн тэргүүнд Өмнөговь, Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгууд руу том сүлжээтэй шатахуун түгээх станцтай аж ахуй нэгж онцгой анхаарч хуваарилалтаа зохицуул. Газрын тосны газрынхантай ярилцаад үе шаттайгаар татан авалтыг зохион байгуул.
Хоёрдугаарт, дизель түлшний татан авалтад анхаарах ёстой. Намрын ургац хураалт эхлэхэд газар тариалангийн бүс нутаг дахь агуулахыг дизель түлшээр бүрэн дүүргэсэн байх.
Ард иргэддээ хандахад, шатахууны асуудлаас үүдэлтэйгээр улстөрч бидэн рүү уурлаж болно, уурыг авна. Харин газар дээр нь ачаа үүрч ажиллаж байгаа ШТС -ын эрхлэгч, түгээгчтэй муухай битгий харилцаарай. 24 цагаар хичээж ажиллаж байна.
Ашигт малтмал газрын тосны газар дээр хийгдэж байгаа цахим системийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Түгээгчгүйгээр шууд QR кодоороо дугаараа цаг захиалаад шатахуунаа авдаг систем рүү шилжих бэлтгэл ажлыг хангаж байна. Аж ахуй нэгжүүд бэлтгэл ажилдаа орно биз. Дэмий очоод зогсоод байдаггүй хуваарь руу шилжмээр байна. Эмчид үзүүлэх цагаа иргэд цахимаар захиалаад авдаг болчихлоо, шатахуунаа ч мөн ухаалаг шийдлээр авдаг болох ёстой.
Америк, Иран, ОХУ, Украйны нөхцөл байдал сайжиртал шатахууны хомсдол хэзээ л бол хэзээ давтагдах магадлалтай” гэлээ.
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-08-24





