Экосистемд суурилсан дасан зохицох төслүүдэд 7.5 сая ам.долларын буцалтгүй тусламж санал болгов www.eagle.mn
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (UNCCD COP17)-ын Санхүүгийн өдрийн үеэр Монгол Улсад Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох сан (Global EbA Fund) шинэ буцалтгүй тусламжийн санхүүжилтэд нийт 7.5 сая ам.доллар хүртэлх хөрөнгө гаргахаа зарлалаа. Шинээр зарласан хоёр Төслийн санал авах уралдаан (Call for Proposals) нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, экосистемийг сэргээн хамгаалахад чиглэсэн шинэлэг, өргөжүүлэх боломжтой, хөрөнгө оруулалт татах чадвартай байгальд суурилсан шийдлүүдийг (Nature-based Solutions) хурдасгах зорилготой юм.
Энэ нь тус сангийн үйл ажиллагааг өргөжүүлж буй томоохон алхам бөгөөд жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн найм дахь уралдаан, мөн анх удаа дунд хэмжээний буцалтгүй тусламжийн уралдаан болон зарлагдаж байна. Ингэснээр газар, уур амьсгал, биологийн олон янз байдлын огтлолцол дээр ажилладаг байгууллагуудад үзүүлэх дэмжлэг нэмэгдэж, экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөжүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах боломж бүрдэх юм.
Дасан зохицох арга хэмжээг өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт
Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) хамтран удирддаг Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох сан (Global Ecosystem-based Adaptation Fund) хоёр шинэ санхүүжилтийн боломжийг зарлалаа.
Энэхүү санаачилга нь Германы Холбооны Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа, байгаль хамгаалал болон цөмийн аюулгүй байдлын яамны (BMUKN) Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-аар дамжуулан санхүүжиж байна.
Энэхүү санхүүжилтийн шинэ боломж нь UNCCD COP17-д засгийн газар, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд цуглаж, энэ арван жилийн хамгийн том сорилтуудын нэг болох газрын доройтлыг зогсоох, гангийн эсрэг тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг урагшлуулахад шаардлагатай хэмжээний санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж буй үед зарлагдаж буй юм.
Эрүүл экосистем нь орон нутаг, иргэдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чухал үүрэгтэй гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч байгаа ч экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээнд оруулж буй хөрөнгө оруулалт шаардлагатай түвшнээс хол доогуур хэвээр байна. Ялангуяа Жижиг арлын хөгжиж буй орнууд (SIDS) болон Нэн буурай хөгжилтэй орнууд (LDCs) техникийн чадавх хязгаарлагдмал, нотолгоо, өгөгдөл хангалтгүй, засаглалын тогтолцоо бутархай, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүд цөөн зэрэг саадтай тулгарч байна.
Дэлхийн Экосистемд суурилсан дасан зохицол сан нь эдгээр суурь саад бэрхшээлийг арилгахын тулд байгууллагын чадавхыг бэхжүүлэх, нотолгоо, өгөгдөл бий болгох, мэдлэг, туршлага солилцох сүлжээ хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэлэн байдлыг сайжруулах санаачилгуудыг дэмждэг.
“Хэрэв бид энэхүү санхүүжилтийн зөрүүг бодитоор арилгахыг хүсэж байгаа бол зөвхөн хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ бус, юунд хөрөнгө оруулах талаар өөрөөр сэтгэх хэрэгтэй. Бид зөвхөн төслүүдэд бус, амжилттай шийдлүүдийг өргөжүүлэх, үр нөлөөтэй хөрөнгө оруулалтыг нээж, нэмэгдүүлэхэд шаардлагатай тогтолцоонд хөрөнгө оруулах ёстой” гэдгийг Доктор Гретель Агиляр, IUCN-ийн Ерөнхий захирал онцоллоо.
“Эрүүл экосистем бол уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бий болгох бидний хамгийн хүчтэй холбоотнуудын нэг. Гэвч дасан зохицох арга хэмжээнд оруулж буй хөрөнгө оруулалт шаардлагатай түвшнээс хол доогуур байна. Германы дэмжлэгтэйгээр Дэлхийн EbA сан нь экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээнд зориулсан тусгай санхүүжилт олгож, ирээдүйтэй шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд саад болж буй тогтолцооны бэрхшээлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр улс орон, орон нутгийн иргэд хүсэл эрмэлзлээ бодит үйл ажиллагаа болгон хувиргаж, хүн, байгаль болон уур амьсгалд урт хугацааны үр өгөөж бий болгох боломжтой болно” гэдгийг Мартин Краузе, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн захирал хэлсэн юм.
Нөлөөллийг хурдасгах хоёр санхүүжилтийн боломж
Жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн уралдаан нь 24 сар хүртэлх хугацаатай төсөл бүрт 250 мянган ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно.
Энэхүү уралдаан нь экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөжүүлэх өндөр боломжтой, Хөгжлийн албан ёсны тусламж (ODA) авах эрх бүхий орнуудын шилдэг төслийн саналыг хүлээн авна. Ялангуяа Жижиг арлын хөгжиж буй орнууд, Нэн буурай хөгжилтэй орнууд болон тус сангийн одоогийн багцад хангалттай төлөөлөлгүй бусад оронд онцгой ач холбогдол өгч байна.
Төслүүд нь байгууллагын болон техникийн чадавхыг бэхжүүлэх, өгөгдөл, нотолгоог сайжруулах, мэдлэг, туршлага солилцох, хөрөнгө оруулалтад бэлэн шийдлүүдийг хөгжүүлэх замаар өргөжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх бөгөөд Олон улсын уур амьсгалын санаачилгын 2030 он хүртэлх стратегитай нийцсэн байх шаардлагатай.
Харин шинээр зарласан дунд хэмжээний буцалтгүй тусламжийн уралдаан нь 24 сар хүртэлх хугацаатай төсөл бүрт 500 мянган ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно.
Энэхүү уралдаан нь экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтолцооны өөрчлөлтийг бий болгоход чиглэж байгаа бөгөөд дараах гурван чиглэлээр төслийн санал ирүүлэхийг уриалж байна.
“Экосистемд суурилсан дасан зохицол”-ын шинэлэг санхүүжилтийн шийдлүүд: Хөрөнгө оруулалт татах боломжтой бизнесийн загвар боловсруулах, уур амьсгалын санхүүжилтийн төслийн шугамыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах.
Хүний хөгжил ба аюулгүй байдлын төлөөх Экосистемд суурилсан дасан зохицол Эмзэг болон мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурласан, мөргөлдөөний нөхцөл байдлыг харгалзсан арга замаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх.
Уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын асуудлуудын уялдаа холбоог бэхжүүлэх: Экосистемд суурилсан дасан зохицлыг Риогийн конвенцуудын хэрэгжилтийг уялдуулах бодит механизм болгон ашиглахын зэрэгцээ цаашдын бодлого боловсруулахад шаардлагатай нотолгоог бий болгох.
Хоёр санхүүжилтийн уралдаанд үндэсний болон олон улсын төрийн бус байгууллага, олон нийтэд суурилсан байгууллага, уугуул иргэдийн байгууллага, их сургууль, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллага зэрэг өргөн хүрээний оролцогчид материалаа ирүүлэх боломжтой.
Германы Холбооны Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа, байгаль хамгаалал болон цөмийн аюулгүй байдлын яамны хэлтсийн дарга Ульф Жэккель “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улам дордож буй энэ үед бид дэлхий даяар дасан зохицох арга хэмжээг илүү хурдацтай хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр шинэ төслийн санал авах уралдаанаар дамжуулан бид байгальд суурилсан шийдлүүд болон тэдгээрийн санхүүжилтийг өргөжүүлж, орон нутаг, экосистем, эдийн засгийг хамгаалахыг зорьж байна. EbA нь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг олон асуудлыг зэрэг шийдвэрлэхийн зэрэгцээ хүмүүс болон тэдний амьжиргааны эх үүсвэрийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломжтой” гэв.
Жижиг хэмжээний буцалтгүй тусламжийн уралдааны материал хүлээн авах хугацаа есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.
Харин дунд хэмжээний буцалтгүй тусламжийн уралдааны материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын 12-ноос арваннэгдүгээр сарын 16 хүртэл байна.
Эдгээр уралдааны хүрээнд мэдээлэл, танилцуулгын цуврал вебинар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн Экосистемд суурилсан дасан зохицол сан байгуулагдсанаасаа хойш төслийн санал авах долоон удаагийн уралдаан зарлаж, 41 улсын 75 төсөлд буцалтгүй тусламж олгоод байна. Эдгээр төсөл нь хэрэгжилтийн янз бүрийн шатанд явж байгаа бөгөөд есөн төрлийн экосистемийг хамарч байна.
Тус сан нь байгууллага, оролцогч талуудад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх шинэлэг арга барил боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ мэдлэг, нотолгоо бий болгох, бодлогод нөлөөлөх, экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг дэлхий даяар өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Дэлхийн Экосистемд суурилсан дасан зохицол сангийн тухай
Дэлхийн экосистемд суурилсан дасан зохицох сан (Global EbA Fund) нь Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) хамтран хэрэгжүүлдэг, өөрчлөлтийг хурдасгах чиглэлийн санхүүжилтийн механизм юм.
Тус сан нь мэдлэг, нотолгоо бий болгох, бодлогын шинэлэг шийдэл боловсруулах, байгууллагын чадавхыг хөгжүүлэх, санхүүжилтийн шинэ арга хэрэгсэл нэвтрүүлэх замаар экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх шинэлэг санаачилгуудыг дэмждэг.
Сангийн санхүүжилтийг Германы Холбооны Байгаль орчин, уур амьсгалын үйл ажиллагаа, байгаль хамгаалал болон цөмийн аюулгүй байдлын яамны (BMUKN) Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-аар дамжуулан олгож байна.
Нийтэлсэн огноо2026-08-25





