Ирэх онд төрөөс бизнес эрхлэгчдэд 10 хувийн хүүтэй зээл олгоно www.itoim.mn
Засгийн газраас 2027 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийж, 2026 оны төсвийн тодотгол, үргэлжлүүлэн 2027 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ. Өргөн барьсан 2027 оны төсөв энэ жилийнхээс орлого, зарлага нь 10 их наяд орчим төгрөгөөр тэлжээ. Төсөв огцом тэлсэн шалтгааныг төсвийн гадуур явж байсан төрийн өмчийн компаниудын хөрөнгө орлогыг нэгтгэсэнтэй холбон тайлбарлаж буй. Түүнчлэн, ирэх оноос хэрэгжих татварын хөнгөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотойгоор зардал өсжээ.
Нөгөө талд, иргэн аж ахуйн нэгжийн бизнесийн идэвхжлийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэж төсөвт тусгажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт, Хүнсний хувьсгал зэрэг хөтөлбөрийн хүрээнд иргэн аж ахуйн нэгжүүдэд 6-8 хувийн хүүтэй зээл олгож, хүүгийн зөрүүний татаасыг улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн. Мөн ЖДҮ болон бусад хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг төсвөөс санхүүжүүлдэг. Ирэх онд хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаас нэмэгдэж байна.
2027 оны төсвийн төсөлд тусгаснаар Төрийн банкаар дамжуулан зургаан мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид жилийн 10 хувийн хүүтэй зээл олгоно гэж төсөвлөжээ. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 12.5 хувь, арилжааны банкуудын бизнесийн зээлийн жилийн хүү 18-19 хувийн хүүтэй байгаа юм. Тэгэхээр төр өөрийн эзэмшлийн банкаараа дамжуулан зах зээлийн хүүгээс 8-9 хувиар бага хүүтэй эх үүсвэрээр бизнес эрхлэгчдийг дэмжиж, дундаж давхрагаа хамгаална гэж тооцсон байна.
Ингэхдээ Төрийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар олон улсын зах зээлээс 300 сая ам.доллар буюу 1.1 их наяд төгрөг татан төвлөрүүлж, энэхүү шинэ эх үүсвэрийг бизнес эрхлэгчдэд 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулна гэжээ.
Төрийн банкны 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хуваарилах 100.0 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зориулж санхүүжүүлэхээр тооцсон байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-09-02





