ТТБЗ: Оюу Толгойгоос төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2 их наядыг 52 хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөсөн www.itoim.mn
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтээ олон нийтэд танилцууллаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дараах дүгнэлтийг өгсөн байна.
-Монгол Улсын 2027 оны төсвийн нийт зарлага 43.6 их наяд. Энэ нь 2026 оны тодотголын төсвөөс 28.3 хувиар буюу 9.6 их наядаар өссөн үзүүлэлт. Энэхүү өсөлтийн дийлэнх нь буюу 78.4 хувь нь хөрөнгө оруулалтад бус цалин, тэтгэвэр, тэтгэмж зэрэг урсгал зардалд зарцуулахаар байна. Энэ нь төсвийн уян хатан байдлыг алдагдуулж, инфляцад нөлөөлөхөөс гадна хувийн хэвшилд дарамт учруулах эрсдэлтэй.
-2027 оны төсвийн төсөлд иргэдийн бодит орлогыг хамгаалах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, логистикийн хүртээмжийг сайжруулах зорилтуудыг тусгасан.Үүнийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн зарлагыг нэг жилийн дотор бараг 10 их наядаар нэмсэн. Энэхүү шийдвэр нь төсвийн сахилга бат, орлогын найвартай байдалд томоохон эрсдэл болохоор байна.
-Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 2027 оны төсвийн нийт зарлагыг ДНБ-ий 30 хувь, урсгал зардлыг 23 хувь, Засгийн газрын нийт өрийг 45 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Гэхдээ өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зарлага 7.8 хувиар, урсгал зардал 6.1 хувиар, Засгийн газрын өр 5 орчим хувиар илүү байхаар тооцсон байна. Манай хөрөнгө оруулалтын зардал хөгжиж буй орнуудынхаас 2 хувиар өндөр байна.
-2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн зардал 2.2 их наяд буюу 33.8 хувиар, цалингийн зардал 19.5 хувиар, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж 208.6 хувиар буюу 327.7 тэрбум төгрөгөөр нэмж байна. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж ердөө 5.6 хувиар өснө. Өсөлтийн хэмжээг дангаар нь нийгмийн хамгаалал сайжирна гэж үзэх боломжгүй. Иймээс огцом өсөлт яг ямар зорилтот бүлэгт хүрэх, ядуурал болон өрхийн бодит орлогод ямар үр дүн үзүүлэх нь тодорхой байх шаардлагатай.
-Өмнө нь хийсэн судалгаанаас харахад төрийн албан хаагчдын цалин болон цалингийн зардлыг 10 хувиар өсгөхөд инфляц ойролцоогоор дөрвөн хувиар өсөх нийтлэг үр дүн гарсан. 2027 онд төрийн албан хаагчдын цалингийн зардлыг 9 их наяд байхаар тооцсон. Үүнийг ижил хувиар өсгөх бус албан хаагчдын тоо, ажлын байрны хэрэгцээ, бүтээмж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулах хэрэгтэй.
-Оюу толгойгоос төсөвт төвлөрүүлэхээр тооцсон 2 их наядын ногдол ашгийг бүхэлд нь 52 хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 34.6 хувьтай тэнцэж байна. Иймд ногдол ашиг хойшлох эсвэл төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол хөрөнгө оруулалтын хөтөлбөр шууд тасалдах эрсдэлтэй.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байн
Нийтэлсэн огноо2026-09-16





