Судалгаа: Уул уурхайн салбар зогсвол Монгол Улсын эдийн засаг 46.4 хувь агшина www.itoim.mn
Судалгааны Эм эм Си Жи (MMCG) байгууллага уул уурхайн салбарын томоохон компаниуд болох Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК-ийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмрийг тодорхойлох судалгааг 2023 оноос эхлэн хийжээ.
Энэхүү судалгааны гол зорилго нь эдгээр компанийн төлсөн татвар хураамжаас гадна бий болгосон ажлын байр, ханган нийлүүлэгчид, орон нутгийн хөгжил, үйлдвэр, дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаар дамжуулан эдийн засаг, нийгэмд ямар өгөөж оруулсныг тодорхойлох байв. Эрдэнэт ТӨҮГ, Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК нь улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа эхний дөрөвт жагсдаг бөгөөд өмчийн хэлбэрийн хувьд харилцан адилгүй.
Энэ утгаараа үр дүн нь тодорхой хэмжээний ялгаатай гарсан байна. Тухайлбал, улсын эдийн засаг ДНБ-д үзүүлж буй нөлөөгөөр авч үзэхэд Оюу толгой ХХК 9 хувь, Эрдэнэт ТӨҮГ 5 хувь, Энержи Ресурс ХХК нь хоёр хувьтай тэнцэж байна.
Харин ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэгчээр дамжин бий болсон нэмүү үнэ цэнийн хувьд хувийн хэвшил болох Энержих Ресурс компани бусад хоёр компанис илүү өндөр байжээ. Хэрвээ уул уурхайн салбарын үйл ажиллагаа бүрэн зогсвол Монгол улсын эдийн засаг 46.4 хувиар, нийт ажилах хүчний 16 хувь буюу 378 мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна. Харин үр ашгийн түвшин, үйлдвэрлэлд бий болж байгаа ажлын байр, хөрөнгө оруулалт, орон нутгийн дэд бүтэц, нийгэмд үзүүлж буй нөлөөллийн хувьд дараах онцлог үр дүн гарчээ. Тухайлбал,
Өмнөговь аймаг 2009 оноос өмнө хүн амаа төв рүү эрчтэй алдаж байсан бол уул уурхайн салбарын үйл ажиллагаа эхэлснээр хүнээ татаж, Цогтцэций, Ханбогд сумууд Эрдэнэтийн дараа орох шинэ суурьшлын бүс болон хөгжсөн төдийгүй, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, бизнесийн идэвхжил эрс сайжирчээ.
Манай улс нүүрсээ дандаа түүхийгээр нь экспортолж байсан бол Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр Ухаа худаг ашиглалтад орсноор эдийн засагт нэг тэрбум орчим ам.долларын нэмэлт орлого дотооддоо шингэсэн байна. Мөн Өмнийн бүсэд Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад орсноор цахилгааны импортоор гадагшаа алдах байсан 118 сая ам.долларын валютын урсгалыг дотоодод үлдээжээ. Уг станц нь өмнөд бүсийн хэрэглэгчдэд борлуулсан цахилгаан эрчим хүчний тал орчим хувьтай тэнцэх эрчим хүч үйлдвэрлэсэн бөгөөд өвлийн улирлын оргил ачааллын үед төвийн эрчим хүчний ачааллаас хуваалцаж байна.
Олборлолт, баяжуулалт, тээвэрлэлт, экспорт гээд цогцоор нь, үр ашигтай шийдвэрлэсэн нүүрсний аж үйлдвэрийн цогцолбор нь нүүрсний салбарын олборлолт, ДНБ, төсвийн орлогын 8– 12 хувийг бүрдүүлж байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-15





