Банкны систем дэх хадгаламж, харилцахын өөрчлөлт мөнгөний нийлүүлэлтэд өндөр нөлөө үзүүллээ www.itoim.mn
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт 2026 оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 10.8 их наяд төгрөг буюу 24.7 хувиар өсчээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.0 их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.4 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Төгрөгийн хадгаламжийн өсөлтийн дийлэнхийг иргэдийн хадгаламж бүрдүүлж байна. Наймдугаар сарын эцэст иргэдийн төгрөгийн хадгаламж 23.7 их наяд төгрөг байсан бол аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж 5.1 их наяд төгрөг байв.
Валютын хадгаламж 5 их наяд төгрөг болж, амнөх оны мөн үеэс 446.9 тэрбум төгрөгөөр буюу 8.2 хувиар буурч, өмнөх сараас 70.2 тэрбум төгрөгөөр буюу 1.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийт мөнгөний 25 хувийг гадаадын хөрөнгө, 75 хувийг дотоодын хөрөнгө бүрдүүлж байна. Гадаадын цэвэр хөрөнгө 13.6 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5 их наяд төгрөгөөр буюу 2.2 дахин, өмнөх сараас 1.7 их наяд төгрөгөөр буюу 14.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин дотоод цэвэр хөрөнгө 40.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 их наяд төгрөгөөр буюу 8.9 хувиар өссөн ч өмнөх сараас 458 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар буурсан байна.
Мөн хугацаанд нийт зээлийн өрийн үлдэгдэл 48.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.1 их наяд төгрөгөөр буюу 14.3 хувиар өссөн байна. Үүний 59.4 хувийг иргэдийн, 39.2 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ.
Зээлийн чанарын хувьд нийт зээлийн 92.2 хувийг хэвийн зээл эзэлж, хэвийн зээлийн үлдэгдэл жилийн өмнөхөөс 16.8 хувиар өсжээ. Анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 36.3 хувиар буурсан боловч чанаргүй зээлийн үлдэгдэл 15.8 хувиар өсөж, 2.6 их наяд төгрөгт хүрчээ.
Нийтэлсэн огноо2026-09-17





