Гадаад худалдааны бараа эргэлт 25.9 тэрбум долларт хүрлээ www.itoim.mn
Оны эхний есдүгээр сарын байдлаар манай улс 16,1 тэрбум ам.долларын бараа, түүхий эдийг экспортолсон бол импортоор 9.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг авчээ. Экспортын дүн импортынхоос 6.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эераг гарсныг Гаалийн Ерөнхий газар мэдээллээ.
Оны эхний 9 сарын байдлаар экспорт өнгөрсөн оныхоос 57.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өсөлтөд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 40.9 хувиар нэмэгдэж 82.3 сая тоннд хүрэв. Зэсийн баяжмал 20.5 хувиар, төмрийн хүдрийнх 4.1 хувиар тус тус өсчээ. Гэхдээ боловсруулагдаагүй нефтийн экспорт 7.8 хувиар буурсан байна. Мөн малын мах, дайвар бүтээгдэхүүн 20.5 хувь, алтны экспорт 22.1 хувиар багассан байна.
Харин тухайн сард түлш, хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурчээ. Тухайлбал, 684.9 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, 1,463.5 мян.тн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Харин суудлын автомашин 804.6 сая ам.доллар, ачааны автомашин 367.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.Улаанбуудайн, хүнсний ногоо, элсэн чихэр, жимс, самар, тахиа, гахайн мах, өөхний импорт 9.1-35.5 хувиар нэмэгджээ.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-08





