Их аварга Хакүхо М.Даваажаргал Олон улс болон Азийн сумогийн холбооны ерөнхийлөгч боллоо www.montsame.mn
Азербайжаны нийслэл Баку хотод болсон сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын сумогийн холбоо ээлжит их хурлаа зохион байгуулж, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг ерөнхийлөгчөөр сонгожээ.
Тэрбээр зөвхөн Олон улсын холбоог тэргүүлээд зогсохгүй Азийн сумо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр давхар ажиллах юм.
Хакүхо М.Даваажаргал “Итгэл хүлээлгэсэнд туйлын их баяртай байна. Би өмнөх ерөнхийлөгч Тоёодагийн үйл хэргийг үргэлжлүүлж, сумог даян дэлхийд түгээн хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэхүү үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах болно. Нагояад болсон Азийн наадмын үеэр би олон орны Үндэсний олимпын хорооны дарга нартай уулзаж ярилцсан. Африкийн улс орнуудад сумог танилцуулах, дэлгэрүүлэх тал дээр Сенегалын Үндэсний олимпын хороотой хамтран ажиллана. 2030 онд Катарт болох Азийн наадмын хөтөлбөрт сумо бөхийг багтаахад нэг алхам ойртлоо гэж бид үзэж байна” хэмээн ярьжээ.
Хэдхэн хоногийн өмнө Японы Айчи мужид болсон Азийн зуны спортын 20 дахь наадамд сумо бөхийн төрөл үзүүлэх спортоор оролцсон. Хакүхо М.Даваажаргал Азийн наадамд ирсэн тамирчид, албаны хүмүүс, зочдод сумог танилцуулж, сурталчилсан байдаг. Тэрбээр энэхүү спортын төрлийг олимпын хөтөлбөрт багтаах зорилготой мөн ярьсан байна.
Нийтэлсэн огноо2026-10-19





