АНУ-ын Элчин сайдын яам шинэ барилга барих төслөө эхлүүлнэ www.itoim.mn
Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны шинэ барилга барих төслөө эхлүүлж буйгаа АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгдлээ. Барилга угсралтын ажил 2027 оны хавар эхлэх юм байна.. Уг барилгад дотоодын материал, ажиллах хүчийг ашиглах бөгөөд Монгол орны байгалийн онцлог шинж болох газар, ус, тэнгэрийн билэгдлийг шингээхээр төлөвлөж буй нь Монголын эдийн засгийг дэмжихээс гадна байгалийн дурсгалт өвийг нь хүндэтгэж буйн илрэл гэдгийг тодотгожээ.
Шинэ байгууламжийн инженерийн шугам сүлжээний холбогдох гэрээг АНУ-ын Засгийн газар саяхан Монголын дотоодын гүйцэтгэгч компанид олгосон байна. Элчин сайдын яамны үндсэн барилгын ажилтай уялдан тусдаа төсөл хэлбэрээр хэрэгжих энэхүү гэрээгээр шинэ байгууламжийг хотын инженерийн шугам сүлжээнд холбоход шаардлагатай талбайн гаднах дэд бүтцийн ажил багтана.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: АНУ-ын Элчин сайдын яамны шинэ барилгыг барих нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын бат бэх харилцааны ач холбогдлыг онцлон харуулж буй чухал үйл явдал юм” гэж тэмдэглэн хэлээд “Бид Монгол Улсын стратегийн гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархалтай байдаг бөгөөд Элчин сайдын яамны шинэ барилга түншлэлээ гүнзгийрүүлэх бидний тууштай байр суурийг харуулах юм хэмээжээ.
Хан-Уул дүүрэгт байрлах уг төслийг гүйцээхэд ойролцоогоор таван жил шаардагдах төлөвтэй байна. Энэхүү барилга ашиглалтад орсноор консулын үйлчилгээнд зориулсан талбай илүү цэлгэр болж, Элчин сайдын яамны ажилтнууд болон зочид илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдэх аж.
Элчин сайдын яамны шинэ байгууламжийн бүтээн байгуулалт нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын урт удаан, харилцан ашигтай харилцааны тод илрэл юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын ард түмэнтэй урт хугацаанд хамтран ажиллах тууштай эрмэлзлийг илэрхийлж, дипломатын, эдийн засгийн болон соёлын харилцааг хойч үеийнхэнд зориулан улам бэхжүүлэхэд чиглэж байна.
Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-19





