Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая долларын зээл авна www.eagle.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төслийн зээлийн хэлэлцээрт өнгөрсөн долоодугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм байна. Тодруулбал, зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм ажээ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.
Нийтэлсэн огноо2021-10-14