Монгол банк: Төлбөрийн тэнцэл III улиралд $526 саяыг алдагдалтай гарсан www.bloombergtv.mn
Төлбөрийн тэнцэл III улиралд 526 сая ам.долларын алдагдалтай гарсныг Монголбанк мэдээллээ. Төлбөрийн тэнцэл 2020 оны мөн үед 206.7 сая ам.долларын ашигтай гарч байсан юм. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад алдагдал эрс өссөн үзүүлэлттэй байна.
Урсгал дансны алдагдал 955 сая ам.доллар болж, огцом өссөн нь нөлөөлжээ. Санхүүгийн дансны хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт III улирлын байдлаар 517 сая ам.доллар хүрсэн байна.
Цар тахлын үед “Оюу Толгой” компаниас бусад аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн гадаад шууд хөрөнгө оруулалт өмнөх жилүүдээс буурсныг Монголбанкны тайланд дурджээ. “Оюу Толгой” компаниас бусад аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын орох урсгал эхний хагас жилийн байдлаар 39 хувиар буурсан байна.
Харин улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын орох урсгал 2020 онд 18.2 хувиар, энэ оны эхний хагаст 7.5 хувиар буурчээ. Оны эцэст гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны түвшинд байх төлөвтэй байна.
Мөн донор санхүүжилтийн хүрээнд 400 сая ам.доллар орж ирэхээр байгаа юм. Үүний нөлөөгөөр санхүүгийн данс 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, нийт төлбөрийн тэнцэл 370 сая ам.долларын алдагдалтай гарах тооцоог Монголбанк хийгээд байна.
Нийтэлсэн огноо2021-11-17