Н.Учрал: Миний гэр бүл, ажил мэргэжлийн нэр хүндэд халдлаа www.news.mn
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.09.10/ Авлигатай тэмцэх газрын гадаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан гэх дуулиант мэдээлэлтэй холбогдуулж, дараах тайлбарыг хийв.
Тэрбээр “УИХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөржилт өрнөж байна. Манай ард иргэд намайг мэднэ, нуух хаах зүйл байхгүй. Нээлттэй ил тод байх зармын үүднээс мэдээллийг нягтлах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргалаа. Үнэн мөнийг тогтоох байх.
Манай гэр бүлийн зүгээс төсвөөс санхүүжилт шийдүүлэхээр ямар нэг хүсэлт өгөөгүй, сайд нарын хувьд бие биедээ төсөв хуваарилах асуудал яригдаагүй. Төсөвт зардлууд нэгд, нэгэнгүй байдаг. Жагсаалт болгоноор нь УИХ хэлэлцдэг. Төсвийн хуульд байхгүй асуудлаар хүнийг гүтгэж, харлуулах, үүний цаана хоосон улстөржилт төсвийг унагаах гэсэн үйлдлүүд байх шиг байна. Тийм учраас үнэн мөнийг тогтоох ёстой гэж үзэж байна.
Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд зардал шийдсэн гэсэн зүйл байхгүй, төсвийн хуулийг харж болно. Ерөнхий сайдын хувьд ийм үйлдэл хийх шаардлага байхгүй.
Дээрээс нь миний гэр бүл, ажлын мэргэжлийн нэр хүндэд халдаж байна. Миний гэр бүлийн нэр хүндэд халдах шаардлага байхгүй.
Сонгинохайрхан дүүрэгт сургууль байгуулагдаад есдүгээр сарын 1-нээс 1-12 дугаар ангийн хүүхдүүд хичээллээд явж байгаа юм билээ. Миний хамаарал бүхий этгээдүүдээс төсвөөс санхүүжилт авах ямар ч хүсэлт тавиагүй.
-Тэгвэл Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга худал мэдээлэл өгсөн гэсэн үг үү?
-Төсвийн хуульд нэгд нэгэнгүй заасан байгаа. Энэ зардлын хүрээнд төсвийг жагсаалтынх нь дагуу УИХ хэлэлцэнэ. Тийм учраас эксель файлаар ч гэдэг юм уу хийрхлээр ч гэдэг юм уу 2026 оны төсвийн тодотголыг харлуулах гэсэн оролдлогыг би зөвшөөрөхгүй. Манай хамаарал бүхий сургууль төсвөөс санхүүжилт авах хүсэлт гаргаагүй, төсөв ч аваагүй. Хийгээгүй үйлдлийнхээ төлөө улстөржилтөд өртөж байгаад би их харамсаж байна.
Надад нуугаад байх юм байхгүй. Миний ээж аав хоёр насаараа бөоловсролын салбарт зүтгэж байгаа хүмүүс. Миний хөгшин аав, ээж хоёрыг улс төртэйгээ битгий хутгаач ээ.
Төсөв мөнгөнөөс таван цаас аваагүй, ямар ч хүсэлт гаргаагүй, иргэд ойлгох ёстой. Хэн нэгний өгсөн эксель файлаар сэвээд байх шаардлагагүй. Эксель файлаар төсөв хэлэлцдэггүй. Улс төр хийрхлээс ангид байж, Оюутолгойн ногдол ашиг, төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хүргэхийн төлөө хамт зүтгэх болно.
-Танай кабинетаас таны эсрэг ажилласан байж болох уу?
-Энийг шалгуулах л ёстой, үнэн мөнийг тогтоолгох ёстой. Албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу, хаанаас мэдэгдэхгүй эксель файл явуулж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байгаа. Ямар ч сорилтыг үл хайхран давж гарна. Баримтгүйгээр нэр хүндэд халдаж байна.
Миний аав, ээж хоёр улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй, өнөөдрийг хүртэл ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа хүмүүс.
Тухайн үед тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бүх сургуулиас хүсэлт аваад дүүрэг бүр дээр тэдэн суудал гэж тооцоод хүсэлт тавьсан юм билээ. Тэгэхэд нь манайх хүсэлт хүлээн аваагүй. Ард түмэнтэйгээ хамтарч хийрхлийг давж гарна.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-09-10





