Мах, бензиний үнийн нөлөөгөөр инфляц 12.5 хувьд хүрлээ www.itoim.mn
Улсын хэмжээнд наймдугаар сард инфляц 12.5 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт. Гэхдээ инфляц буурсан ч үнийн өсөлт иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй мэдрэгдсээр байна. Ялангуяа хүнсний барааны үнэ өндөр өсөлттэй хэвээр байгаа нь асуудал болж буй юм.
Хүнсний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 50 орчим хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 51.6 хувь, хонь, ямааны махны үнэ 58.2 хувиар өссөн байна. Нийслэлд үхрийн цул махны нэг кг дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болж, өмнөх сарынхаас 1,772 төгрөгөөр буурсан ч жилийн өмнөхөөс 50.7 хувиар өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ гурил, гоймон зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ мөн өсжээ. Мөн АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ 2,958 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна.
Ийнхүү иргэдийн өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлөх хүнс, шатахууны үнэ өссөөр байгаа энэ үед инфляцыг бууруулахад Монголбанк, Засгийн газрын бодлого чухал байна. Монголбанк инфляц долдугаар сард сүүлийн гурван жил хагасын дээд түвшинд хүрсний дараа бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэж өсгөсөн. Цаашид бодлогын хүүг чангаруулах эсэхийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж буйгаа Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар өчигдөр төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэрээ хэлэв.
Харин Засгийн газрын хувьд 2026 оны төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 34 их наяд төгрөгт хүргэхээр хэлэлцэж байна. Инфляц өндөр үед Засгийн газар төсвийн зарлагаа бууруулах ёстой байхад цалин, тэтгэврийг нэмэх зэрэг шийдвэр гаргаж байгаа нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна. Улмаар инфляц одоогийн түвшнээс 5-8 нэгж хувиар өсөж, оны эцэст 18-20 хувьд хүрэх эрсдэлтэйг анхааруулсаар байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-10





