Монголд ирж буй Рио Тинто группийн CEO Саймон Тротт гэж хэн бэ www.itoim.mn
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт жилийн дараа дахин Улаанбаатарт ирж байна. Тэрээр анх CEO-ийн албан тушаалд томилогдсоноосоо хойш удалгүй буюу 2025 оны есдүгээр сард Монголд ирж, Оюу толгойн уурхайтай танилцсан. Энэ удаагийн айлчлал нь түүнээс хойш ойролцоогоор нэг жилийн дараа болж байна.
Түүний энэ удаагийн айлчлал хэд хоног үргэлжлэх, ямар хүрээнд уулзалт хийх талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ Монголын Засгийн газар болон Рио Тинто хооронд Оюу толгойн төслийн асуудлаар хэлэлцэж буй энэ үед компанийн хамгийн өндөр түвшний удирдлага Монголд ирсэн нь анхаарал татаж байна.
Саймон Троттыг ажлаа авснаас хойш Рио Тинтогийн хувьцааны ханш 50 гаруй хувиар өссөн байна. Мөн 2025 онд Рио Тинто группдэлхий даяар хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд 57.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 9.9 тэрбум ам.долларын татвар хураамж төлснөөс Монгол Улсад 628 сая ам.долларын татвар, АМНАТ төлжээ.
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт гэж хэн бэ.
Малчны хүү буюу “Farmer boy”
Саймон Тротт Баруун Австралийн Wheatbelt бүсийн Wickepin хэмээх жижиг сууринд фермерийн гэр бүлд өссөн. Тус газар Перт хотоос зүүн өмнө зүгт ойролцоогоор 2.5 цагийн зайд оршдог бөгөөд түүний гэр бүл газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байжээ.
Австралийн хэвлэлүүд түүнийг “WA country boy”, “local farming lad” буюу Баруун Австралийн хөдөөний хүү, нутгийн фермерийн хүү хэмээн тодорхойлдог. Монголоор бол малчны хүү гэсэн үг.
Тротт University of Western Australia-д хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж, 1995 онд төгссөн байна. Рио Тинтогийн албан ёсны намтарт түүнийг BSc (Agric) with Honours буюу хөдөө аж ахуйн шинжлэх ухааны онц зэрэгтэй бакалаврын боловсролтой гэж тэмдэглэжээ. Их сургуулиа төгсөөд гэр бүлийнхээ фермерийн бизнесийг үргэлжлүүлэх боломжтой байсан ч Тротт өөр зам сонгож, уул уурхайн салбарт оржээ.
Тротт 2000 онд Рио Тинтод нэгдсэн. Тэрээр компанийн давс, уран, борат, очири эрдэнийн зэрэг олон төрлийн бизнесийг удирдаж, дэлхийн өөр өөр бүс нутагт ажилласан 25 жилийн туршлагатай нэгэн.
Тэрээр 2018 онд Рио Тинтогийн анхны Chief Commercial Officer буюу худалдаа, арилжааны асуудал хариуцсан захирал болсон. Энэ албан тушаалдаа борлуулалт, маркетинг, худалдан авалт, тээвэр, логистик зэрэг группийн худалдааны үйл ажиллагааг удирдаж байв.
2021 онд Тротт Австралидаа буцаж, Рио Тинтогийн хамгийн том бизнесийн нэг болох төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирал болсон. Түүнийг энэ албан тушаалд очихын өмнөхөн буюу 2020 онд Рио Тинто Баруун Австралийн Juukan Gorge дахь уугуул иргэдийн хувьд 46 мянга орчим жилийн түүхтэй, ариун дагшин ач холбогдолтой хадны оромжуудыг устгасантай холбоотой томоохон дуулианд орсон байв.
Тротт төмрийн хүдрийн бизнесийг удирдах хугацаандаа үйлдвэрлэлийн гүйцэтгэл, зардлын сахилга баттай зэрэгцэн уугуул иргэдтэй харилцах харилцааг сэргээх асуудалд анхаарч ажиллажээ.
Тэрээр Juukan Gorge-ийн сүйрлийг Рио Тинтогийн хувьд ноцтой алдаа байсныг хүлээн зөвшөөрч, уламжлалт газар эзэмшигчидтэй харилцах шинэ арга барилыг хөгжүүлэхэд оролцсон. 2025 оны тавдугаар сард Puutu Kunti Kurrama and Pinikura буюу PKKP Aboriginal Corporation-той байгуулсан хамтын удирдлагын гэрээнд Тротт гарын үсэг зурсан байна.
Энэ туршлага нь Рио Тинтогийн ТУЗ Троттыг CEO-оор сонгохдоо үнэлсэн зүйлсийн нэг байв. Компанийн мэдээлснээр тэр төмрийн хүдрийн бизнесийг санхүүгийн сахилга бат, үйл ажиллагаа болон аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах чиглэлд шинэчилсэн байна.
Түүний Монголд ирсэн гол зорилго юу вэ
Тротт CEO болсныхоо дараа Рио Тинтогийн бүтцийг илүү “хүчирхэг, төвлөрсөн, энгийн” болгох стратеги танилцуулсан. 2025 оны арванхоёрдугаар сард тус компани дөрвөн бүтээгдэхүүний бүлгээ гурван үндсэн бизнес болгон өөрчилсөн. Үүнд: Төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан ба лити багтав.
Рио Тинтогийн шинэ стратегид зэсийн бизнес чухал байр суурь эзэлж буй. Харин зэсийн үйлдвэрлэлийн өсөлтийн гол эх үүсвэрийн нэг нь Оюу толгой юм. Рио Тинтогийн мэдээлснээр Оюу толгойн ил болон далд уурхай 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн орчим зэс үйлдвэрлэх төлөвтэй. Мөн 2030 он гэхэд Оюу толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох хүлээлттэй байна.
Энэ бүгдээс харвал, Тротт Монгол Улсад айлчлалынхаа үеэр Оюу толгойн ажилчдаас гадна Монголын эрх баригчидтай уулзаж, төслийн цаашдын тогтвортой үйлдвэрлэл, харилцан итгэлцлийг бататгахад анхаарах болов уу.
Тэрээр жилийн өмнө ирэхдээ “Оюу толгой бол технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх, усны хэрэглээний өндөр үр ашигтай, аюулгүй ажиллагааны үзүүлэлтээрээ шилдэг уурхайн цогцолборуудын нэг юм” гэдгийг онцолж байжээ.
Зургийн тайлбар: 2025 оны наймдугаар сарын 19-нд Тротт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Дотоод хэргийн сайд Даг Бургум, Rio Tinto-ийн тухайн үеийн CEO Якоб Стаушолм, BHP-ийн CEO Майк Хенри нарын хамт
Дашрамд дурдахад, Тротт CEO болохоосоо хэдхэн хоногийн өмнө Цагаан ордонд Дональд Трамптай уулзаж, Рио Тинто, BHP-ийн хамтарсан Resolution Copper төслийн талаар ярилцсаныг Цагаан ордноос баталсан. Тухайн үед олон улсын хэвлэлүүд АНУ зэсийг үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд чухал түүхий эд гэж үзэж байгаа бөгөөд Рио Тинто Вашингтоны зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болж байна гэж онцолж байв.
Энхтайван МӨНХЦЭЦЭГ
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-10





