"Рио Тинто" групп Монголын Засгийн газартай Антрегийн асуудлыг хэлэлцэх шинэ гүйцэтгэх захирлыг томилов www.eguur.mn
Монголын Засгийн газар "Рио Тинто" групптэй шүүхдэлцэж, давхар "Антре Ресурс" компанийн хамтран эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбай руу нэвтрэх зөвшөөрлийг нь манай талаас удаашруулсан гэж үзэж байгаа. Засгийн газрын зүгээс 2008-2015 онд улс төрчдөд нөлөөлж, авлигын шинжтэй үйлдэл гаргасан гэх асуудал хөвөрч буй билээ.
"Рио Тинто"-гийн зүгээс "Антре Ресурс"-ын асуудлыг Монголын тал хойш татсанаар найман сарын турш хийсэн ухалтын ажлаа зогсоож, уурхайг хойш чиглэлтэй тэлэх төлөвлөгөөгөө орхихоос өөр аргагүй болчихоод байгаа хэмээн "Financial Review"-ийн нийтлэлд дурдсан байв.
Энэ оны 5-р сард “Антре”-гийн зүгээс “Оюу Толгой” руу “Жавхлант” ордын лицензийн 80 хувийг шилжүүлсэн. Харин дараа нь “Шивээ толгой”-н лицензийг шилжүүлэх процесс явагдах байсан юм. Гэсэн ч 80 хувь шилжүүлсэн лиценз 100 хувь болох эсэх нь тодорхойгүй болчихсон.
Иймээс тус компанийн зүгээс болон Канадын "Антре Ресурс" тухайн талбайг Оюу Толгойн уурхайн төлөвлөгөөнд оруулах хэлэлцээрийн эцсийн шатанд хүрээд байсан ч илүү ашиг багатай уурхайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Мөн энэ дагуу "Рио Тинто"-гийн зүгээс "Антре Ресурс"-ийн эзэмшдэггүй, өмнө зүгт байрлах тусгай зөвшөөрөл бүхий талбай руу уурхайг тэлэхээр төлөвлөөд буй.
"Рио Тинто"-гийн зэсийн салбарын захирал Кэти Жексон Монголын Засгийн газар тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мөн уурхайн өөр төлөвлөгөө рүү шилжсэн зэрэг нөхцөл байдлыг сөрөг үр дүн хэмээн шүүмжилж байсан бөгөөд шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайдтай уулзахдаа, хоёр талаас ширээний ард сууж шийдэл ярих ёстойг илэрхийлсэн.
Антрегийн талбайгаас гарсан хүдэр 2027 онд Оюу Толгойн баяжуулах үйлдвэрт хүргэгдэнэ гэсэн тооцоотой байсан бөгөөд Монголын Засгийн газар тус талбайгаас гарах өгөөжийн 34 хувийг эзэмших талаар хэлэлцээ хийсээр байгаа.
Харин энэ эгзэгтэй мөчид "Рио Тинто" групп Монголын талтай хийх яриа хэлэлцээг илүү туршлагатай нэгний гарт шилжүүлэхээр тооцсон бололтой. Хэдийгээр өмнө нь тус группийн Арилжаа хариуцсан захирал Б.Болдыг гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын оронд томилж магадгүй гэсэн цуурхал гараад байсан ч таамгаас холуур буюу Төмрийн хүдрийн группийнхээ захирал Саймон Троттыг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг гаргасан байна.
Тэрбээр уул уурхайн салбарт худалдаа арилжааны үйл ажиллагаагаар мэргэшсэн, зэсийн томоохон худалдан авагч орнуудтай харилцаж ирсэн туршлагатай нэгэн аж. Мөн "Рио Тинто" группийн томоохон уурхайнуудын үйл ажиллагааг хариуцаж ирсэн байна. Саймон Тротт ирэх сарын 25-аас албан ёсоор гүйцэтгэх захиралын албан тушаалд очих юм.
Монголын талаас "Рио Тинто"-той үүсээд буй асуудлын хүрээнд нарийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон.
"Рио Тинто"-гийн энэхүү томилгоо нь Антре төдийгүй бусад асуудлаар Монголын шинэ Засгийн газартай илүү нухацтай хэлэлцээ хийхээр төлөвлөж буй гэдгийг илтгэж байна.
Нөгөө талд гүйцэтгэх захирал асан Якоб Стаусхолм “Оюу Толгой”-н гүний уурхайн төслийг эхлүүлж байсан, одоогийн үүсээд байгаа асуудлыг нарийн мэдэж байгаа хүнээ ийн сольсноор Монголын талаас асуудлыг дахиад эхнээс нь хэлэлцэх нөхцөл үүслээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-07-22