“Торгоны зам” авто раллигийн Монгол дахь уралдаан өндөрлөлөө www.eagle.mn
15 дахь удаагийн “Торгоны зам” авто уралдаан ОХУ-ын Эрхүү хотод долоодугаар сарын 11-д гараагаа хийсэн билээ. 12 орны баг тамирчид оролцож байгаа уралдааны оролцогчид Эрхүү, Буриад улсын нутгаар дамжин Монгол Улсын нутагт энэ сарын 15-аас эхлэн уралдаанаа үргэлжлүүлсэн. Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулсан оролцогчид өнөөдөр Монгол Улс дахь уралдаанаа өндөрлүүллээ. Энэ жилийн авто уралдаан Бүгд Найрамдах Алтай улсын нийслэл Горно-Алтайск хотод өндөрлөнө. Уралдааны мотоциклийн ангилалд манай тамирчин П.Мөрөн тэргүүлж байна.
Цар хүрээгээ тэлж буй “Торгоны зам” авто ралли олон улсын уралдаанд ОХУ, Герман, Канад, БНХАУ, Латви, Швейцарь, Мексик, Казахстан, Узбекистан болон Беларус, Туркменистан, Монгол улсын баг тамирчид оролцож байна.
“Торгоны зам” авто ралли нь хээр тал, элсэн цөл, ой мод, уулархаг нутгийн 600-5,000 километр замд 2-15 хоног үргэлжилдэг, суудлын болон ачааны автомашин, мотоциклийн ангиллуудаар, мэргэжлийн тамирчид, сонирхогчид, аялагчдын гэсэн төрлүүдээр олон улсын спортын томоохон уралдаан тэмцээний түвшинд зохион байгуулагддаг. Спортын болон эв нэгдэл, нөхөрлөлийн том арга хэмжээ болон өргөжиж тэлж буй авто ралли уралдаан сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэрт болж эхэллээ. Энэ хэрээр Монголын баг тамирчид “Торгоны зам” авто раллид хүчээ үзэж, туршлага хуримтлуулсаар байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь анх 2009 онд ОХУ-ын Казан хотоос Казахстан Улсын нутгаар дамжин Туркменистаны Ашгабад хот хүртэлх 4628 километр замд ес хоног явснаас хойш Орос, Хятад, Казахстан, Туркменистан зэрэг Евроазийн улсуудад уламжлал болон зохион байгуулдаг болжээ. Монгол Улсад 2019 он, 2024 онд амжилттай зохиогдож байсан юм.
Нийтэлсэн огноо2025-07-22