НҮБ: Монгол Улсад хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 он гэхэд 43 хувиар өснө www.itoim.mn
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан залуусын зодоон нийгмийн анхаарлын төвд байна. Ялангуяа зодоон өдөөсөн залуус нь улс төр болон бизнесийн нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан бөгөөд ар гэрийнхнийхээ нөлөөгөөр хариуцлагаас мултрах вий гэсэн хардлага, эгдүүцэл ч нийгэмд байна. Түүнчлэн эл хэргийн цаад учиг нь хар тамхитай холбоотой байж магадгүй гэсэн хардлага үүсээд буй. Тодруулбал, залуус цэнгээний газар наргих үедээ сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй гэж байгаа ч өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагаас албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Цагдаагийн байгууллагаас "Хэрэгт холбогдсон залуусаас мансууруулах бодисын шинжилгээ авсан, хариу нь гараагүй" гэх тайлбарыг өгсөн. Хар тамхи хэрэглэсэн гэж хардах үндэслэл нь нийгэмд, ялангуяа 15-35 насныхан дунд хар тамхины хэрэглээ эрчимтэй өсөж байгаа статистик байна.
Тухайлбал, 2024 оны статистик мэдээллээр Монгол Улсад сүүлийн таван жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1100 орчим гэмт хэрэгт 1700 орчим хүн шалгагджээ. Үүний 91 хувь нь 15-35 насны хүүхэд залуучууд байсан бол 18-аас доош насны 58 хүүхэд байсан байна. Түүнчлэн, 2024 онд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хийсэн судалгаагаар 25 хүртэлх насны хүүхэд залуусын 56 хувь нь ямар нэгэн байдлаар хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байна гэсэн үр дүнг танилцуулж байв.
Өөрөөр хэлбэл, жилээс жилд хар тамхитай холбоотой асуудал гүнзгийрч хэрэглэгч нь улам залуужих хандлагатай болсон байна.
НҮБ-ын Мансуурах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой орнуудад 2030 он гэхэд хар тамхи хэрэглэгчдийн тоо 43 хувиар өснө гэж тооцоолсон. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, мансууруулах бодис, хар тамхины хэргийн гаргалтын нь НҮБ-ын судалгаатай нийцэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс мэдээлсэн.
Хар тамхитай холбоотой бүртгэгдсэн хэрэг, татагдан шалгагдаж байгаа этгээдүүдийн цаадах хэрэглэгчийн тандан судалгаагаар Монгол Улсад ойролцоогоор 100 мянга гаруй хүн хар тамхины хэрэглэж байж болзошгүй гэх статистик ч байгаа юм.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-07-22