А.Энхтөр: Доройтож буурайтсан ч эргээд улсаа байгуулж, хөгжиж ирсэн түүх бий. "Чингисийн далан" түүхийн шинэ эргэлт авчирна www.eguur.mn
Монголын элсэн цөлөөс 321 км үргэлжилсэн нууцлаг хана, хэрмийг олон улсын судлаачдын баг өнгөрсөн тавдугаар сард олсон. Энэхүү судалгааг Иерусалимын Еврей их сургуулийн Ази судлалын тэнхимийн археологич, профессор Гидеон Шелах-Лави, Дан Голан нар удирдсан бол МУИС-ийн профессор Ч.Амартүвшин, Йелийн их сургуулийн профессор Уильям Хонейчёрч нар хамтран нарийвчлан судалсан байна. Хэрэм ийнхүү олдсон нь анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь цаг, он тооллын үе нь харилцан адилгүй хэд хэдэн хэрмийн хэсгүүд олдсон гэх. Тиймээс энэхүү далангийн талаар түүхийн талаас болон судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ШУА-ий Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын ажилтан А.Энхтөртэй ярилцлаа. Тэрбээр Археологийн, түүхийн хүрээлэнд 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа юм.
-Гадны томоохон хэвлэлүүдэд "Чингисийн хэрэм, далан" гэх зэргээр хэд хэдэн мэдээлэл нийтлэгдсэн байна. Хэсэг хэсгээр уг хэрмийг нээж, илрүүлсээр байгаа нь хэр урт, том бүтээн байгуулалт болох нь одоогоор бүрэн нээгдээгүй, нууцаа дөнгөж дэлгэж байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ, Чингисийн далан буюу хэрмийн талаар гадны хэвлэлүүдэд гарч, энэ талын мэргэжилтнүүдийн онцгой анхаарлыг татаж буй. Монголын нууц товчоон дээр энэ талаар Хуба хаяа гэдэг нэрээр, урт далан дээр буулаа гэж дурдагдсан нь бий. Тэгэхээр уг хэрэм нь энэ байж болох талтай. Одоогийн байдлаар тал талд, тасарсан байдлаар олдож байгаа ч анх үргэлжилсэн нэг цул байсныг үгүйсгэх аргагүй. Энэ талаар судлагдаж байгаа.
-Аль аймгаас анх уг хэрмийг илрүүлж, хэдий хэр хэмжээний газар нутгийг хамарсан нь одоогоор тогтоогдсон бэ?
-Дорнод аймгийн нутаг дахь Гурван загал нь Хэрлэнгийн хойд нутгаар явсаар Хэнтий аймаг хүрдэг. Түүнээс гадна Туул голын савд хэд хэдэн хэрэм бий. Энэ хэрмүүд Орхон голыг гаталж, Тамирын голын орчимд бас байна. Зүүн талаас орж ирсэн хэрмүүд одоогийн Богдхан уулын урдуур гарч, хэсэг газар тасарч, Өнжүүлийн нутгаар гардаг нэг хэрэм байна. Нөгөөх нь шууд Туул голыг гараад чигээрээ Лүн сумын нутгаар дайрч, Хэрмэн дэнж гэдэг Заамар сумын нутагт хүрдэг. Нэг нь Туул голоо дагасаар Эрдэнэт хүрчихдэг. Тасралтгүй явсаар Дархан-Уул аймаг руу ордог гэж үздэг. Энэ хэрэм одоо ч бий. Монголын төв нутгийн хэрэм гэж хэлж болно. Нөгөөдөх нь Өндөрсант сумын нутгаар явж, Дашинчилэн сумаар орж, Хар бухын урдуур нийлж, Өгийн нуур хүрээд тасардаг.
Өмнөговийн нутгаар ч орж ирээд 370 орчим км Монголын төв хэсгээр үргэлжлэн явсан хэрэм бас бий. Үүний судалгаан дээр Орос, Монголын судлаачид ажиллаж, хэд хэдэн газар малтаж байсан. Чулуу, заг оруулж барьсан хэсэг ч бий. 1040 оны үеийнх гэж дүнгэлт гарсан. Сэргээн зассан нь 1200-аад оны үеийнх гэж тогтоогоод байгаа. Энэ хэрмүүд 8-12 км урт яваад тасарч, дахин үргэлжилдэг.
-Судалгааны явцад хэрэм дангаар баригдсан байсан уу. Бүтээн байгуулалтын өөр онцлог шинж нь юу байв. Мөн өөр хэрмийг дагасан түүхийн сонирхолтой олдворууд олдсон болов уу?
-Өмнө талд нь дөрвөлжин хэрмэн цайзууд бий. Гурванзагал, Дорнод, Хэнтийн нутгаарх нь нийт 37 хэрэмтэй. Өвөрмонгол, ОХУ-ын нутагт ч орж ирсэн байгаа. Магадгүй энэ бүр Алтай хүрсэн байх магадлалтай хэрэм, би хувьдаа ингэж боддог. Киданы дурсгалууд бий. Пэрлээ гуай 1960-аад оны үед ихээхэн судалсан. Элсний Даваа гэж хүн бас Чингисийн хэрэм гэж юу вэ хэмээн англи, монгол хэлээр ном гаргасан байдаг. Цагаан хэрэм дээр ажилласан Английн судлаачтай бас хамтарч байсан. Үүгээр хүмүүс Хятадын Цагаан хэрэм Монголын нутгаар явж байжээ гэж дэлхий даяар сенсаци тарьсан. Хятан үеийн нүүдэлчдийн хэрэм гэдгийг бид тайлбарлаж байсан. Хятадын Цагаан хэрэм ч гэсэн тухайн үед дайн тулаанаас хамгаалахаас гадна худалдаа наймаачдад татвар хураах зорилгоор боомт хот болгож барьсан гэх нь бий. Өндөр цайз хэрэм болгосон нь бол сүүлд Мин улсын үед барьсан учиртай. Мөн Леогийн их хэрэм гэж ном гарсан. Дорнодын нутгаар явж байгаа умард хэрмийн тухай ном ингэж гарсан юм. Үүнийг Хятан улсынх гэдгийг зөвшөөрсөн. Энэ ОХУ-ын нутагт ч бас бий.
-Дан ганц шороо, чулуун хэрэм бус зарим хэсгээр заг мод ч оролцуулан бүтээсэн байгаа нь хэрмийг илүү бат бөх болгох нэг хийцлэл үү эсвэл газар нутгийн онцлогоос хамаараад ийн баригдсан гэсэн үг үү?
-Дүрслэн яривал тал дундуур урт зам шиг зүйл харагдана. Замын далан шиг гэсэн үг. Эрт үед зам байж байгаад алга болжээ гэмээр харагддаг. Шороог маш хатуу нягтаршилтай болгон бүтээсэн мэт. Говиор явсан нь бол чулуугаар харагддаг. Чулуугаар харагддаг гэдэг нь чулуугаар хийсэн гэсэн үг. Нэг талаасаа элсээр хийх боломжгүй үед чулууг ашиглаж байсан байж болох. Заг модоор хийсэн ч бас бий.
-Хятадын цагаан хэрэмтэй жишин бодвол хамгаалах, хил хязгаарыг тогтоох маягаар баригдсан уу. Түүхэн ач холбогдлынх нь тухайд та тайлбарлаж өгөөч?
-Монголын нууц товчоон дээр гардагчлан, нэг хүн мянган эрэг тууж Балжуна нууранд хонио услахдаа Чингис хаантай уулздаг. Балжуна нуурын гашуун усыг ууж тангараг тавьдаг. Тэр үед худалдаачид нэлээд сайн арилжаа наймаа хийдэг байж. Асад нэртэй энэ хүн бол согод хүн, наймаачин хүн. Эрэг тууж, үнэт ангийн үс аваад эргээд арилжаалж, Алтан улс руу очдог, эргээд тал нутаг руу явдаг тухай гарч байгаа. Бүс нутгийн хүмүүсийг холбох, тухайн улсын татвар хураах системийг бүрдүүлэх, боомтын үүрэг гүйцэтгэх зэрэг онцлогтой байна. Хятаны үед энэ хэрмүүд баригдсан нь маш сонирхолтой.
-Уйгурын хаант улс бутрахад зарим хэсэг нь Хятан улсын нутагт очсон байдаг шүү дээ. Тэгэхээр Уйгурын үетэй холбоо, хамаарал бий юу?
-740-өөд оноос хойшоо 100 гаруй жил болсон нь Уйгурын хаант улс. Энэ үед худалдаа арилжаа маш сайн хийгддэг байсан. Хоёр томоохон бослого гарч, дарахын тулд цэргийн тусламж өгсөн. Нэг удаадаа 14 мянган морин цэргийн тусламж өгч, Чанань хотыг чөлөөлж, хатан голоос урагш цэргүүдийг хөөж Тан улсад амар амгаланг авчирсан. Үүний төлөө дэлхийд алдартай Адуу-Торгоны гэрээ гэдгийг хийсэн. Нэг адууг 40 хуй торгоор солих анхны гэрээ ингэж хийгдсэн. Хүннү, Сяньби, Жужаны үед ч адуугаар наймаа хийдэг уламжлал байсан. Түрэгүүд ч энэ арилжааг хийж, худалдааны замыг хамгаалдаг байж. Үсрэнгүй хөгжилд хүрсэн нь Уйгарын хаант улсын үе юм. Том ноёдууд орд өргөө, нийслэл барьсан. Хар балгас гэж их том хот бий. Одоогийн манай Нийслэл хот шиг газар нутгийг эзэлдэг, хааны өргөөтэй, сүмтэй, арилжааны газруудтай, олон өргөн хороололтой зэрэг. Тан улсаас авчирсан хямд торгыг энд авчирч, Уйгаруудад худалдаж өндөр ашиг хийдэг байж. Ийм харилцан ашигтай гэрээ болж, Монголын нутагт анхны мега хотууд бий болсон түүхтэй. Жуулчдын тэмдэглэлд ямар үзэсгэлэнтэй хот байсан гэж дурдагдсан байдаг.
Киргизийн цэргүүд нэг хэсэг дайраад буцсан удаатай, нэг их удаагүй. Харин 900-аад оны үед Хятан улс мандаж, Ганьсугийн уламжлалт коридороор худалдаа наймаа хийж байсан. Тэр хооронд Линхө гэдэг, Төвөдийн шинэ удирдагч гарч ирсэн. Сүн улстай холбоотойгоор наймаачид, согодуудад өндөр татвар тавьж эхэлсэн. Худалдаачдыг хядаж эхэлсэн. Улмаар энхийн гэрээ байгуулсан. Удалгүй дайн болж Ази-Европыг холбосон худалдааны их зам хаагдаж 25 жил болсон гэсэн үг.
Уйгарын хаант улс бутрахад зарим хэсэг нь Хятан улсын нутагт очсон байдаг гэсэн шүү дээ. Энэ үед Уйгурын хатан өөрсдийн замаар явж сэргээе гэсэн байх боломжтой. Улмаар киданчуудыг монголын төв нутгаар, Буйр нуурын араар урт далан барьж, түүнийг дагуулж цэргийн олон суурин байгуулсан. Энэ бол Хэрлэн барс хот, зүүн баруун хэрэм, Улаанбаатарт ойрхон байгаа хар төнө гэж хэрэм байна. Хар бухын балгас гэх мэтээр үргэлжилсээр Орхон гол хүрдэг, олон хот барьсан. Эдгээр хэрмийн хойд талаар Чингисийн хэрэм тасалдсан ч явсаар байгаад Алтай ордог байх боломжтой. Ховд аймгийн Манхан сумын нутаг, Төгрөг харын үзүүр гэдгээр гарч ирдэг урт далан бий. Сартагтай агуйн домгоор энэ бол Бээжин хүрдэг гэдэг. Завхан аймгийн нутаг, цааш Улиастай орчимд жижиг хэрмүүд олж үзлээ.
Чингис хааны баруун тэсийг дайлаар мордохдоо очсон том хот байдаг. Халзан ширэгийн балгас гэж. Чингай балгас ч гэдэг. Энэ хотоор Жанчин бумба өөрөө явж өнгөрсөн гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. Чухамдаа, энэ зам бол даланг дагаж явсан бололтой гэдэг. Жанчин бумбын явсан газраас хэрмүүд олдож байгаа учир ийн.
-Хэрэм он цагийн явцад элэгдсэн ч дахин сэргээн сайжруулалт явагдсан талаар та хэлж байсан. Тэгэхээр тодорхой он цагуудад хэрмийн үүрэг өндөр байсан гэж харагдаж байна?
- Хятаны үед дөрвөлжинг, Алтан улсын үед дөрвөлжинг нь барьсан байж болно. 40-100 жилийн зай л яригдана. Хятан улсын үе, нөгөө нь Монголын эзэнт гүрний үе байна гэсэн сэргээсэн онц цаг гарсан. Алтан улсынхан Хятаны бүх дурсгалыг манайх гэж зарласан. Тэнд нь дугуй, дөрвөлжин зэрэг хэрмүүд байгаа. Нэг дор 3-4 хэрэм гарч байгаа нь сүүлд баригдсаны шинж байх талтай.
Нэгдсэн шийдвэрт хүрээгүй, судалгааны эргэлтэд явж байна. БНХАУ-ын хувьд эдгээрийг “Манай Цагаан хэрэм Монголын нутгаар явжээ” гэж ярих гээд байгаа. Хятан бол монгол угсаатай, монгол хэлээр ярьдаг хүмүүс байсан шүү дээ. Зүрчидийн алтан ордны хүмүүсийг бүр солонгосын хойгоос авчирч суулгаж, бариулж байсан байгаа нь тодорхой харагддаг. Хятаны худалдаа арилжааны хэрэм болохыг, Уйгурын үед ч байжээ гэдгийг гаргаж ирж буй. Шалз уулын хэрэм гэдгийг малтахад Уйгурын үеийн он цаг гарч ирсэн. Сибириэс гарч байгаа их ойн иргэд болон адуу малтай улс арилжаа хийж урагш гаргадаг байсныг сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тэр бүс нутгийн соёлын асуудлууд бас судлагдаж байна. Оршуулгын соёл, тамга тэмдэг зэргээр хэрэм хамаарахгүйгээр байна уу, урд хойдоороо ялгарч байна уу. Түүхийн он цаг хугацааны явцад эзлэгдэх, газар нутгаа тэлэх явдал байсан. Алтай, Хянганы энэ нутаг бол нүүдэлчдийнх байсаар ирсэн. Доройтож буурайтсан ч эргээд улсаа байгуулж, хөгжиж ирсэн түүх бий. Судлагдаж байгаа зүйл учраас цаашид олон зүйлийг нээхэд тусалж, түүхийн шинэ эргэлт авчирна гэдэгт итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Т. Өлзиймаа
Т. Өлзиймаа
СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.
Нийтэлсэн огноо2025-07-25