Бурхад дайтах цагаар: Японы Эзэн Хааны айлчлалын эргэн тойронд www.unread.today
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долоодугаар сарын 8-13-ны хооронд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын талаар Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн зочин профессор Икэда Норихикогийн бичсэн нэгэн нийтлэлийг бид орчуулан хүргэж байна.
Дайжосай* хэмээх эртний хаан ширээ залгамжлах ёслолыг гүйцэтгэж, Амацүхицүги** хэмээх нэрээр хаан ширээнд заларсан Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны хамт долоодугаар сарын 8-наас Чингис хааны үр сад болох Монгол Улсад төрийн айлчлал хийв. Таван өдрийн турш нөхөрсөг айлчлал хийсний дараа долоодугаар сарын 13-нд тэд эх орондоо эргэн ирсэн юм. Япон улсын иргэний хувьд энэхүү айлчлалыг хүч хөдөлмөр гарган амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар, мөн Улаанбаатар хотод Эзэн Хаан, Эрхэм дээд Хатныг халуун дотноор угтан авсан Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эзэн Хаан, Эрхэм дээд Хатныг дагалдан явсан Японы Гадаад хэргийн сайд асан Таро Коно ч мөн айлчлал аюулгүй, амжилттай өндөрлөсөнд сэтгэл хангалуун байгаа биз ээ.
*Дайжосай нь Японы эртний хаан ширээ залгамжлах ёслол бөгөөд Тан улсын соёлын нөлөө бүхий титэм залах ёслолоос ялгаатай.
**Амацүхицүги нь нарны охин тэнгэр Аматэрасү Омикамигийн хаан ширээг залгамжлагч гэсэн утгатай бөгөөд энэ нь “Дайжосай” хэмээх нууцлаг зан үйлээр баталгааждаг. 2000 гаруй жилийн тэртээгээс нааш уламжлагдан ирсэн энэхүү зан үйлийг нэг шөнийн ёслолоор үйлддэг.
ЗХУ задарч, Монгол Улс 1990-ээд оны эхээр ардчилсан засаглалд шилжсэн нь өдгөө даруй гуч гаруй жилийн нүүрийг үзэж буй. Либералчлалын үр дүнд Монгол, Япон хоёр орны харилцаа ч мөн дээшилжээ. Түүнчлэн Японы сумо бөхийн спортод монгол бөхчүүдийн оруулсан хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй.
Миний бие Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нарын энэ удаагийн Монгол дахь айлчлалын үр нөлөөг тэр бүр хөндөөд байдаггүй шашны талаас эргэцүүлэн тайлбарлахыг хүслээ.
1. Даян дэлхийн үймээн самуун бурхдын зөрчлийн илрэл мөн үү?
Зургаадугаар сарын 20-нд Израил Улс Ираны цөмийн хөтөлбөрийн байгууламжууд руу агаараас цохилт өгсөн. Үүний дараа, 22-нд АНУ өндөр хүчин чадалтай тэсрэх бөмбөг хаясан бөгөөд энэ нь газрын гадаргаас бараг 100 метрийн гүнд байрлах ураны баяжуулах байгууламжийг устгах зорилготой байв. Энэхүү ажиллагааг ерөнхийлөгч Д.Трамп амжилттай болсон хэмээн мэдэгдсэн юм.
Израил Улс Иудын шашныг төрийн шашин лугаа адил хүлээн зөвшөөрдөг. Хэрэв Исламын Шийт урсгалын Аллах тэнгэр болон Иудын шашны бурхныг нэг угсааных гэж тодорхойлбол, хоёр тал хоёул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу. Нөгөөтээгүүр, Израилтай найрсаг харилцаатай байдаг фундаменталист Христос шашинтнууд Д.Трамптай ойр байдаг. Д.Трамп ч Израилыг дэмжсэн бодлогыг эргэлзээ тээнэгэлзээгүйгээр илэрхий сурталддаг. Тэдний төсөөлөлд “Армагеддон” буюу дэлхийн төгсгөл ч багтаж буй мэт.
Харин тэднээс өөр шашин шүтлэгтэй япон ба монголчуудын өнцгөөс харвал, дээрх гурван шашин нэг угсаа гаралтай ч гэж үзэж болохоор. Ингэж үзэхийн шалтгаан нь тэд цөм өөрсдийн шүтдэг бурхныг бүхний дээд, цор ганц хэмээн итгэдэгтэй холбоотой юм.
2. Израил, АНУ, Ираны удирдагчдын нийтлэг хандлага
Дээрх гурван тал гурвуул зэрэгцэн аж төрөхийн оронд цор ганцаар орших сонирхолтой байдгаараа хоорондоо адил талтай. Иймээс тэдний хоорондын зөрчил эцэс төгсгөлгүй гэхэд болно. Ондоо итгэл үнэмшил тээдэг бидний өнцгөөс бол Иудын шашнаас гаралтай монотеизм буюу ганц бурхан шүтэх үзэл нь өнөөгийн дэлхий дахины олон асуудлын суурь шалтгаан болж буй мэт. Энэ нь “манай бурхан л цор ганц, жинхэнэ бурхан мөн” гэх хэт туйлширсан итгэл үнэмшлийн илрэл болов уу.
Мэдээж итгэл үнэмшлийн хувьд хүн өөрийн шүтдэг бурхнаа дээдлэх нь зүйн хэрэг. Гэхдээ асуудлын гол нь бусдын шүтдэг бурхад, итгэл үнэмшилд яаж ханддаг вэ гэдэгт байгаа юм. Бусдыг үгүйсгэх үү, эсвэл зэрэгцэн аж төрөх үү? Тиймээс ч би эхний дэд гарчгийг “Дэлхий дахины үймээн самуун нь бурхдын зөрчлийн илрэл мөн үү?” хэмээн нэрийдсэн юм.
Энэ зөрчил тасралтгүй үргэлжилсээр байх уу? Монотеист бус өнцгөөс харахад, ийм тасралтгүй зөрчил Армагеддон руу хөтөлсөөр гай зовлон тарих вий хэмээн эмээхгүй байхын аргагүй.
Орос, Украины дайн ч итгэл үнэмшлээс үүдэлтэй ах дүүсийн дайн мэт харагддаг. Украин хийгээд Оросын сүм хийдүүд угтаа Үнэн алдартны шашнаас л эхтэй шүү дээ.
Энд дурдсан үйл явдлууд цөм өөрийн итгэл үнэмшлээ бүхнээс тэргүүнд тавьдаг хандлагаас үүджүхүй.
3. Угсаа гарвал нэгтэй монотеист шашинтнуудын зөрчил дэх би ба бусад гэх үзэл
Иудын шашны хувьд энэ хандлага Хуучин гэрээнд өгүүлдэг Бурхантай байгуулсан гэрээнээс нь тодорхой харагддаг. Тэнд өгүүлснээр, Египетийн боолчлолоос мултарч гарсан еврейчүүдийг Мосе дагуулан явж, Бурханы хүчээр Улаан тэнгисийг хоёр хуваан, тэднийг Синайн хойгт амьд үлдэхэд нь тусалсан гэдэг. Тэгээд Мосе Бурхантай Арван бошиг (Ten Commandments) гэх эвслийн гэрээ байгуулсан бөгөөд энэ нь шашин дахин сэргэх гол үндэс болсон юм. Харин паган болон тэдний дагагчид зэрэг тус гэрээнд хамааралгүй харийн шүтлэгтнүүдийг чухалчлан үздэггүй бөгөөд бүр алж хороохыг зөвшөөрдөг байна. Тиймээс Иудын шашны фундаменталистууд эртнээс уламжилсан үзэл санаандаа дулдуйдан алдсан газраа эргүүлэн авахаар нутгийн уугуул палестинчуудыг үл тоомсорлож буйг өнөө бид харж болно.
Иуд, Христос, Ислам гурван шашинд гурвууланд нь “Сүүлчийн шүүлт” (Final Judgment) гэх ойлголт бий. Гэвч Иудын шашинтнууд уг шүүлтээс айх шаардлагагүй юм. Учир нь тэд “сонгогдсон ард түмэн”. Харин Христосын евангелист фундаменталистууд болон ойролцоо итгэл үнэмшилтэй хүмүүс энэ шүүлтэд “хамтрагч” гэдэг утгаар мөн л аюулгүй аврагдана. Ерөнхийлөгч Д.Трампын хувьд АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэж, байр сууриа тодорхой харуулсан. Энэ нь Ираныг төлөөлдөг Исламын фундаменталист бүлэглэлүүдийн хувьд Д.Трампыг шууд дайсан гэж үзэхэд хүргэсэн хэрэг байв.
Эндээс үүдэх гол асуудал нь итгэл үнэмшлээс үл хамааран хүн бүр цөмийн дайн буюу шашны ойлголтоор бол Армагэддон болох эрсдэлтэй хэмээн үзэж буй. Зэрэгцэн оршиж, зэрэглэн амьдрах бус дайн дажин хийх л гарц үлдсэн гэж үү? Монгол Улсын хувьд цөмийн зэвсэггүй байх бодлого нь, хариу цөмийн цохилт амсаж, ийм эмгэнэлт явдлыг хэзээ ч дахин давтагдуулахгүйн тулд энх тайвныг эрхэмлэж ирсэн Япон Улсын гадаад бодлоготой ижил төстэй харагддаг. Япон бол цөмийн бөмбөгийн гамшгийг амссан цорын ганц улс шүү дээ.
4. Чингис хааны Тэнгэр шүтлэг
Евроазийн их газарт дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан дайснуудад хөөгдөж явахдаа ууланд очиж, хэдэн өдөр Мөнх тэнгэрт мөргөн залбирч байжээ. Тийнхүү мөргөн залбирсныхаа ачаар эсэн мэнд үлдсэн хэмээн Монголын нууц товчоонд бичсэн байдаг.
Чингис хааныг эзэнт гүрнээ байгуулсны хойно газар газраас шашны тэргүүлэгчид Хархорумд ирж, тус цаг үеийн хамгийн өргөн уудам эзэнт гүрний их удирдагчтай уулздаг байжээ. Эзэн хаан тэднийг ялгалгүйгээр хүлээн аван уулзаж, түүх, сургаалыг нь сонсдог байсан талаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэсэн ч тэрбээр Тэнгэр шүтлэгтээ үнэнч хэвээр байсны сацуу бусад шашнуудыг номлолоо дэлгэрүүлэхийг нь ч хориглосонгүй, ялгасангүй.
“Зэрэгцэн орших” үзлийг дэмжсэн энэхүү сэтгэлгээ магад агуу эзэнт гүрний тогтолцоог тэтгэж байсан болов уу. Харин Д.Трампын хандлагыг Их хааны хандлагатай харьцуулах нь зүйтэй эсэх талаар авч үзвэл, энэ хоёрын хооронд хэмжээлшгүй их зөрүү байгаа нь тодорхой. Тэгвэл ямар шалгуураар нэгнийх нь хандлага зөв, нөгөөгийнх нь буруу хэмээн шүүх вэ?
5. Зөвлөлт Холбоот Улс задарсны хойно Тэнгэр шүтлэг сэргэсэн нь
1924 оны намар Японы цэргүүд Сибирийг орхиж гарснаар ЗХУ-ыг дэмжигч коммунистууд тэрхүү сиймхийг ашиглан Улаан армийн партизануудтай хамтран Өргөө (одоогийн Улаанбаатар)-д Засгийн газар байгуулсан байдаг. Ингээд шинэхэн байгуулагдсан БНМАУ ЗХУ-ын нэгэн үнэнч дагуул болох нь тэр.
1980-аад оны сүүлээр, зүүн Европын орнуудад либерчлагдах хүслийн эрхээр коммунист дэглэм ганхаж эхэлж байв. 1989 оны 12-р сард монгол оюутнууд ч парламентын ордны өмнө жагсаж, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөж байлаа. Дэмжигчид газар газраас нэмэгдэн ирсээр байсанд тухайн үед дангаар засгийн эрхийг барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Нам жагсагчдын шаардлагыг хүлээн авсан байдаг. Энэ явдлаас зургаахан сарын өмнө Хятадын Тяньанмэний талбайд жагсаж асан оюутнуудын хувь зохиол эмгэнэлтэйгээр төгссөн бол Монголд тийм үйл явдал болсонгүй. Жагсагчид парламентын ордны өмнө цугларсан нь уламжлалт Хуралдайг дахин авчирсан явдал байв. Ингээд 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, олон намын тогтолцоотой болсон байдаг.
Тийнхүү хориотой байсан Буддын шашин сэргэж, Христосын шашин шинээр орж ирэв. Түүнчлэн Төвөдийн Буддын шашин дэлгэрэхээс ч өмнө монголчуудын уламжлалт шашин байсан Тэнгэр шүтлэг сэргэсэн байдаг. Хэдий Монгол ЗХУ-ын “дагуул” улс байсан ч монголчууд архи дарс уухдаа юун түрүүнд Тэнгэрт сэржим өргөдөг байв. Одоо бол Тэнгэр хийгээд өвөг дээдсийн сүнстэй бөөгөөр дамжуулан холбогдох нь энгийн үзэгдэл болжээ. Хэдий коммунистууд төр шашин хоёрыг тусгаарлаж, хэлмэгдүүлэлтийн үеэр 30 мянга гаруй ламыг цаазалсан ч монголчуудын итгэл үнэмшил бөхсөнгүй.
6. Хаан, Хатан хоёрын Монгол дахь айлчлал
Дэлхийн II дайны дараа, ЗХУ-д олзонд очсон 600 мянга гаруй япон цэргээс ойролцоогоор 13 мянга орчмыг нь Монголд аваачсан байдаг. Тэднээс 1,700 гаруй нь хүнд хэцүү нөхцөлөөс үүдэн нас баржээ.
Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан хоёр долоодугаар сарын 8-нд япон цэргийн дурсгалын цогцолборт очиж цэцэг өргөсөн байна. Зарим судлаачдын таамаглалаар, япон цэргүүдийг Монгол руу явуулсан Сталины үндсэн зорилго нь “хувааж, захирах” стратегийн хүрээнд Монгол, Японы зөрчлийг хурцатгах явдал байсан хэмээн үздэг.
Долоодугаар сарын 10-нд Хаан, Хатан хоёр Гандантэгчэнлин хийдэд очихоосоо өмнө япон маягийн сургалтын системтэй “Шинэ Монгол” сургуулиар зочилсон юм. Өмнө нь ёкозуно цолтой байж байгаад, бага цолтой сумочдыг дасгалжуулж байхдаа зүй бус үйлдэл гарган сумогийн ертөнцөөс хөөгдсөн Харүмафүжи хожмоо Монголд ирээд “Шинэ Монгол Харүмафүжи” нэртэй сургууль байгуулжээ. Хаан, Хатан хоёрыг угтан авах ёслолд ёкозуно цолтой байсан Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи нар ирсэн бөгөөд Эзэн Хаантай мэнд мэдэн, ярилцах тохиол бүрдсэн юм. Энэ явдлаар Харүмафүжигийн нэр хүнд Японд сэргэсэн нь гарцаагүй.
Долоодугаар сарын 11-12-нд тэд Улсын Их Баяр Наадамд очиж, монгол бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг үзэж сонирхсон бол 13-нд Япон руу буцаж, Ханэдагийн онгоцны буудалд аюулгүй газардан гэртээ ирсэн билээ.
Эзэн Хаан буцаж ирснийхээ дараа “Би Монголын баялаг түүх, соёл, гайхамшигт байгалийг өөрийн биеэр мэдэрлээ” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн нь Монголын ард түмэн, байгаль дэлхийг дэмжин ивээдэг Тэнгэр болон бусад бурхад, тэнгэр нэрүүдэд талархал илэрхийлсэн утгатай гэж үзэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Дүгнэлт: Эзэн Хааны Монголд хийсэн төрийн айлчлалын ач холбогдол
Эзэн Хааны суудал “Дайжосай” хэмээх хаан ширээ залгамжлах ёслолоор баталгааждаг. Энэ нь Нарны охин тэнгэр “Аматэрасү”-тэй хамт тахилын зоог барьж, түүний залгамжлагчаар тодрох зан үйл бөгөөд Эрхэмсэг дээд Хатан ч энэ ёслолд оролцдог.
Эзэн Хаан Монголд айлчлахаасаа өмнө хааны ордонд байрлах “Мэргэн ухааны хийд”, “Өвөг дээдсийн хийд”, “Онгод бурхдын хийд”-д тахил өргөж, бурхдаас адис ивээл хүртсэн. Тэрбээр Улаанбаатарт ирээд мөн л Тэнгэр ба бусад бурхадтай “учирсан” болов уу. Энэ нь монгол бурхад, онгод шүтээнүүд ч түүнийг хүлээн авсан хэрэг хэмээн боджухуй.
Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэмсэг дээд Хатан нарын айлчлалаар дамжуулан Мөнх тэнгэр хийгээд япон бурхад ч мөн монгол нутагт учран золгосон нь түүхэн чухал үйл явдал болов. XIII зуунд монголчууд Япон руу хоёр удаа довтолсон байдаг. Харин орчин үеийн түүхийг сөхвөл, Оросод өрнөсөн хувьсгалын дараа Сибирийн экспедицийн үеэр, цаашлаад 1939 онд Халхын голд дайтаж байв. Мөн 1945 оны зун Манжуураас Өвөр Монголын чиглэлд Зөвлөлт-Монголын холбоотон Японы эсрэг дахин дайтсан байдаг. Харин энэхүү төрийн айлчлал нь түүхэн зөрчлийг төгсгөл болгов. Энэ сайхан явдлыг бид хэрхэн дүгнэх сэн билээ?
Өмнө дурдсанчлан, Израил, АНУ, Ираны хоорондын зөрчилдөөн нь тэдний итгэл үнэмшлээс үүдэлтэй. Харин Эзэн Хааны Монголд хийсэн айлчлал бол ийм ширүүн сөргөлдөөнтэй цаг үед япон, монгол бурхдын эв найрамдалт учрал, уулзалт болсон юм.
Чингис хааны Тэнгэр шүтлэг ба шашинд хүндэтгэлтэй ханддаг байдал нь Японы Эзэн Хааны гэр бүл хийгээд япончуудын “найман сая бурхан” зэрэгцэн оршдог тухай итгэл үнэмшилтэй зохирон нийцэж буй. Харин энэхүү уулзалтын үр ашгийг хоёр орны хүрээнээс давуулан дэлхий дахинд тархаан түгээх нь БНХАУ, ОХУ-д амьдарч буй монголчуудаас авхуулаад дэлхий даяар тархан суугаа элэг нэгтнүүд, Японы ард иргэдийн хичээл зүтгэлээс шалтгаалах хэрэг билээ.
Өнөө хэр Монголд ч, Японд ч олон шашин зэрэгцэн орших боломжтой хэмээн үздэг хүмүүс олон байна. “Мисоги” нэрт сэтгэлийг ариусгах зан үйлийг үйлдэх нь олон шашныг хүлээн зөвшөөрч, зэрэгцэн орших үзлийг төлөвшүүлж, “бурхдын мөргөлдөөн” дагуулсан өнөө цаг үед шинэ ирээдүйг бүтээхэд чухал хувь нэмэр оруулж чадах билээ.
Нийтэлсэн огноо2025-07-25