Иргэдээс 45,2 тэрбумыг залилсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийн 9 хүнд оноосон 2-12 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ www.eguur.mn
Хөвсгөл аймагт зорилтот бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45 тэрбум 270 сая 137 мянга 600 төгрөг залилсан "Бэлтэс мөрөн" ХХК-ийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Тодруулбал, Бэлтэс мөрөн ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр эхэлсэн. Шийдвэр өнөөдөр гарлаа.
Тухайн шүүгдэгч нарыг прокуророос Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Нэмэх даатгал”, “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” зэргээр хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 2606 иргэнд 45 тэрбум 755 сая 889 мянга 600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас олсон орлогоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг д 2024 оны арваннэгдүгээр сарын тавдугаар сарын өдрөөс 14-ны өдрийн хооронд хэлэлцээд 2024/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоол гаргаж, нэр бүхий 9 шүүгдэгчийг зүйл, хэсэг, заалтад зааснаар 4-өөс 12 жилийн хугацаагаар хохих ял оногдуулж, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг хавсралтаар гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Нэр бүхий зарим шүүгдэгч, өмгөөлөгч, нэр бүхий хохирогч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг үндэслэн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатна шүүх 2025 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хэргийг хэлэлцэж 2025 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 45 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршигт тохирсон байна гэж үзэж, зарим хохирогч нарын хохирлын тооцооллын алдааг зөвтгөн өөрчилж, прокурорын байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох байгууллагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нэмэлт заалт оруулан, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Д.ЦЭГЦ
Нийтэлсэн огноо2025-09-19