Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох танилцуулгыг хойшлуулжээ www.news.mn
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилох тухай танилцуулгыг маргаашийн /2025.10.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор төлөвлөөд байсан ч ирэх долоо хоног болгон хойшлуулжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад дээрх шийдвэр гаргасан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар маргааш Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх бол үргэлжлүүлэн энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Иймээс Засгийн газрын гишүүнийг томилох эрх бүхий этгээд нь Ерөнхий сайд тул Ерөнхий сайдын огцрох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Засгийн газрын гишүүнээр томилох тухай саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд Байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. Нийт 17 гишүүнтэй зөвлөл ажиллаж, УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог юм.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2025-10-09