Азийн хөгжлийн банкнаас зээл авч 31 сургууль, 9 цэцэрлэг барина www.itoim.mn
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ.
475 сая ам.долларын зээл жилд тогтмол хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай бөгөөд эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж. Ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл дээр 0.6 хувийн хүү төлөх ажил.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дараах 4 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нэгт, Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарт тулгамдаж буй сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын анги дүүргэлтийг бууруулж, хүүхэд, багачуудын суралцах орчныг сайжруулах зорилгоор 130.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 31 сургууль, 9 цэцэрлэг барьж байгуулах “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь үе шат”;
Хоёрт, техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, ажиллах хүчний хомсдол үүсээд байгаа салбаруудад чиглэсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын тогтолцоог орчин үеийн технологид суурилан бэхжүүлэх “Монгол Улсын ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх” төсөл;
Гуравт, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэн шинэчлэх, хот, хөдөөгийн ялгааг арилгаж, түргэн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 225.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл;
Дөрөвт, гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Монгол Улс дахь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг санхүүжүүлэх аж.
Манай улс гаднын улсаас авсан зээлийнхээ ашиглаагүй хэсэгт нь ч хүү төлдөг. Тэгвэл 2023 онд 13.1 тэрбум, 2024 онд 39.4, 2025 онд 51.3 тэрбум төгрөг төлжээ. Харин 2026 онд 59.6, 2027 онд 47.4, 2028 онд 47.6 тэрбум төгрөгийн хүү төлөх төсөөлөлтэй байгааг Сангийн яамнаас танилцууллаа.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-10-09