Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд технологийн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлнэ www.eagle.mn
Төслийн хүрээнд байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, станцаас гарах үнс, шаарыг үнсэн санд хадгалж, нягтаршуулан зохистой менежмент хийх бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар жилд дунджаар 300.000 тонн үнс, шаар үүсэх тооцоотой байна. Үүнийг цемент, бетон, замын хавтан, замын дүүргэгч зэрэг барилгын материал үйлдвэрлэлд хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглах боломжтойг судалгаагаар тогтоосон. Мөн хорт утаа, хийн ялгарлыг бууруулах зорилгоор утаа шүүх, хүхэргүйжүүлэх системийг суурилуулж, шохойн чулуу ашиглан хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх бөгөөд энэ хүрээнд жилд 18.615 тонн шохойн чулуу ашиглахаар тооцоолжээ. Үүний үр дүнд агаар мандалд хаягдах хүхэрлэг хий, азотын ислийн хэмжээ буурч, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл буурах, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх юм.
Түүнчлэн үйлдвэрийн технологийн усны хэрэглээг оновчтой болгох зорилгоор ус хангамжийн системийг шинэчлэн байгуулах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, хаалттай эргэлтийн усны системийг ашиглан усны хэрэглээг бууруулах зэргээр байгаль орчны нөлөөллийг хязгаарлах чиглэлээр цогц арга хэмжээ төлөвлөсөн. Энэ нь усны хомсдол болон экологийн тэнцвэрт байдалд эерэг үр нөлөө үзүүлнэ.
Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл нь дотоодын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний импортын хамаарлыг бууруулж, үйлдвэрлэлийн технологид дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн станц ашиглалтад орсноор гэр хорооллын 51.000 янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол гарсан байна.
Нийтэлсэн огноо2025-10-21