"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томиллоо www.itoim.mn
"Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, гүйцэтгэх захирлын томилгооны асуудлыг хэлэлцжээ. "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хоёр хүн тунаж үлдсэнээс ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр Сүхбаатарын МӨНХСҮХ-ийг "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. С.Мөнхсүх нь 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлэх аж.
Энэхүү томилгоо нь Оюу толгой төсөл эхэлснээс хойших 16 жилийн хугацаанд анх удаа монгол хүн "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа тохиолдол болж байна.
Сүхбаатарын Мөнхсүх гэж хэн бэ
С.Мөнхсүх нь уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрээр 2021 оны гуравдугаар сараас Рио Тинтогийн Зэсийн группт Өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ албан тушаалдаа Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн асуудлыг хамаарч, Зэсийн группийн өсөлтийн стратеги болон үйл ажиллагааг удирдан чиглүүлж байжээ. С.Мөнхсүх нь анх 2012 онд “Оюу толгой” компанид ажилд орж, хэд хэдэн удирдлагын болон стратегийн төслүүдэд үүрэг гүйцэтгэж ирсэн. Улмаар 2015 онд Рио Тинто группт шилжин ажиллаж, Рио Тинто Монгол компанийн захирлаар томилогдон ажилласан байна.
С.Мөнхсүх нь 2022 оноос "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалд томилогдсон бөгөөд үүнээс өмнө Австрали улсын Брисбен хотод Стратеги, хөгжлийн багийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан.
Тэрээр Рио Тинтод нэгдэхээсээ өмнө Монгол болон Америкийн Нэгдсэн Улсад санхүүгийн үйлчилгээ, агаарын тээвэр, хөрөнгө оруулалтын менежментийн салбарт удирдах албан тушаалууд хашиж байжээ.
С.Мөнхсүх нь Бостоны Зүүн хойд Их сургуулийг санхүүгийн бакалаврын зэрэгтэй төгсөж хожим нь Калифорни Беркелигийн их сургуулийн Хаас бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.
Хүлээлт…
Монгол Улсын УИХ болон Засгийн газрын түвшинд Оюу толгойтой холбоотой чухал асуудлууд шийдлээ хүлээж буй. Монголын Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто групптэй зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцээр хийж байгаа бол УИХ-ын Хянан шалгах түр хороо Оюу толгойн бүлэг ордод хамаарах Онтрэ ХХК-ийн лицензийг шилжүүлэх болон Оюу толгой төслийг тойрсон бусад асуудлаар ирэх арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд нээлттэй сонгол хийхээр бэлтгэж байна. Эдгээр халуун сэвдүүдтэй зэрэгцэн монгол хүн "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа нь нийгмийн анхаарлыг татаж байна. Энэ өнцгөөс харвал, шинээр томилогдсон гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Оюу толгой" хөрөнгө оруулагч талтай ч, Монголын талтайгаа ч ойлголцох, маньевр хийх гол тоглогч байх бололтой.
Оюу толгой төслийн хувьд 2025 онд гүний уурхайн гол бүтээн байгуулалтын ажлууд дуусаж, тогтвортой үйлдвэрлэл рүү шилжиж буй. Оюу толгойн олборлолт, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2025 оны гуравдугаар улиралд түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Цаашид гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Оюу толгой өдөрт 95 мянган тонн хүдрийг баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа билээ.
by
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-11-26





