“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 577 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэв www.news.mn
Оны эцсээр улсын төсөвт төвлөрүүлэх дүн 284,8 тэрбум хүрэх хүлээлт байгаа бөгөөд ингэснээр нийт 577 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх юм. Тус компани үйл ажиллагаагаа явуулсан түүхэн хугацаа буюу 30 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 267.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол энэ дүнгийн 54 хувь болох 144.8 тэрбум төгрөгийг сүүлийн 1,5 жилийн хугацаанд төвлөрүүлж төсөв төвлөрүүлэлтийн түүхэн дээд амжилтаа тогтоосон.
Төрийн өмчит үндэсний компани Дархан төмөрлөгийн үйлдвэр нь өртөг зардлаа бууруулж, зөв зохион байгуулалт, менежментийн оновчтой бодлого хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр ашигт ажиллагаа нь ийнхүү нэмэгдэж 2024 оноос эхлэн төрд ногдол ашиг хуваарилж эхэлсэн. Тухайлбал “Чингис хаан” Үндэсний баялгийн санд 2024 оны ногдол ашиг 26 тэрбум төгрөг, 2023 оны төлөгдөөгүй байсан ногдол ашиг 13.6 тэрбум төгрөг нийт 39.6 тэрбум төгрөгийг шилжүүлээд байгаа төдийгүй 2025 оны ногдол ашигт 30 орчим тэрбум төгрөг хуваарилахаар ажиллаж байгаа юм байна.
2025 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 33.0 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээрээ 33 мянган тонныг үйлдвэрлэж 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласан бол уул уурхайн чиглэлээр 3,294.4 мянган куб метр уулын цул олборлохоор төлөвлөснөөс 3,343.8 мянган куб метр уулын цул олборлож 102 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм.
Борлуулалт, экспортын чиглэлээр 2,147.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 2,387.0 мянган тонныг экспортолсноор нийтдээ 577.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг 105 хувь хангаж ажиллажээ.
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн уналтаас шалтгаалан улсын төсөвт үүссэн хүндрэлийг даван туулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд тус хамт олон 2025 ондоо 120 тэрбум төгрөгийн татварыг нэмж төвлөрүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа юм байна.
Амжилттай ажиллаж буй тус үйлдвэрийнхэн 2025 онд нийт 1684 ажилтнуудынхаа цалинг 35 хувиар өсгөж өнөөдөр дундаж цалин 5,3 сая төгрөгт хүрсэн байна.
Нийтэлсэн огноо2025-12-19





