Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа www.montsame.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ нь малын гаралтай түүхий эдийг бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох, дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.
Тус тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, ноолууран бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа хувийн хэвшилд экспортын урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав. Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.
“Цагаан алт” хөдөлгөөний үр дүнд 2025 оны жилийн эцсийн байдлаар манай улс 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь 2024 оныхтой харьцуулахад биет хэмжээгээр 5.6, мөнгөн дүнгээр 4.7 дахин өссөн байна.
Нийтэлсэн огноо2026-03-12





