Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ www.gogo.mn
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан 19:30 цагт мэдээлэл өгнө гэж нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал Цагдаагийн байгууллагаас Т.Даваадалайг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог зам зэрэг төслийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээлэлд хянан шалгалт явуулсан аж.
Шалгалтын үр дүнд Т.Даваадалай нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий А-ийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, А-ийн найзын компанид 709 сая төгрөг, А-ийн 50 хувь эзэмшдэг компаниар 47.9 сая нийт 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж өнөөдөр мэдээлсэн.
Улмаар түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн байгаа гэв.
Үүний дараа Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлээд байв.
Нийтэлсэн огноо2026-04-29





