Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг багасгаж, төлбөрийг нэмэгдүүлнэ www.news.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ:
-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт сүүлийн 10 орчим жил яригдсан, нийгэмд маш их хүлээлттэй байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хуваарилалтыг аймаг, суманд нь олгодог болно. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллаж буй орон нутаг илүү давуу тал олдог зохицуулалтыг хийнэ. Ашигт малтмалын хариуцлагатай үйл ажиллагааг дэмжихгүй байгаа боловч яг ижилхэн орлого хүртдэг байдлыг болиулна.
Уул уурхайн төслүүдтэй хамтарч ажилладаг нийгмийн ойлголцол хийж чадаж байгаа орон нутаг АМНАТ-ийн хуваарилалтаас илүү авдаг болно.
Одоогийн байдлаар АМНАТ-ийн орлогын 10 хувийг Орон нутгийн хөгжлийн сан руу хуваарилж байгаа бол шинэ хуулийн төслөөр 15 хувийг Орон нутгийн санд хуваарилдаг болно.
Ингэхдээ зөвхөн аймагт нь өгөөд орхидог байсныг хүн ам, газар нутгийн алслагдсан байдал, мөн лицензийн тоо, хариуцлаагтай уул уурхайтай хамтарч ажиллаж байгааг үнэлж тухайн суманд олгодог нөхцөл рүү шилжинэ. Уул уурхайг амжилттай хөгжүүлж байгаа Канад зэрэг улс энэ аргачлалыг ашигладаг.
АМНАТ-ийн орлогоос одоогоор 400 тэрбум төгрөг хуваарилдаг. Үүн дээр нэмээд 200 гаруй тэрбум төгрөг орон нутагт очих зохицуулалт руу орно. Ингэж байж сум, аймаг өөрийгөө хөгжүүлэх, сургууль цэцэрлэг, дэд бүтцийн нийгмийн асуудлаа шийднэ.
Дараагийн томоохон өөрчлөлт бол зэсийн салбар. Монгол Улсын эдийн засаг зөвхөн нүүрсэнд суурилсан эдийн засаг болсон. 2025 онд зэсийн үнийн огцом өсөлтөөс шалтгаалж, зэсийн орлого нүүрсний орлогыг анх удаа давсан. Бид өнөөдөр зэстэй орон гэдэг боловч хоёрхон төсөлтэй.
Нэг нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, 21.6 хувийн АМНАТ-ийн төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл, дэлхийд байхгүй өндөр хэмжээгээрАМНАТ төлдөг.
Гэтэл Оюутолгой Тогтвортой байдлын гэрээгээр АМНАТ-ийг таван хувиар төлдөг.
Бид үүнийг дэлхийн жишигт нийцүүлж бууруулснаар зэсийн салбарыг хөдөлгөнө. Ингэснээр бэлэн хүлээгдэж буй 10 төслийг хөдөлгөнө. Ашигт малтмалын салбарт нэгдсэн бодлогоос гадна тухайн түүхий эдэд зориулсан олон улсад өрсөлдөх чадвартай бодлого хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын бодлого.
Хуулийн төсөл батлагдвал хамгийн түрүүнд Цагаан суварга, Хармагтайн орд уурхай болоод ажиллахад бэлэн болно.
Дараагийн өөрчлөлт бол чухал ашигт малтмал. Эдийн засгийн агуулгаараа нүүрс, зэстэй харьцуулбал маш бага. Гэхдээ улс төр, геополитикийн нөлөөллөөр асар өндөр үр дүнтэй харагдаж байгаа. Чухал ашигт малтмалын салбарыг дэлхийн улс орон бүр тодорхойлж, хөрөнгө оруулалтын орчноо тодорхой болгоход Засгийн газар нь онцгой анхаарч зохицуулалтаа хийж байна.
Дөрөвдүгээрт, Ашигт малтмалын салбарын хайгуулын тусгай звөшөөрөлтэй холбоотой асуудал. Хайгуулын тусгай зөвшөөрөл тендерийн сонгон шалгаруулалтаар явж байгаа. Талбай байлаа гэхэд олон нийтэд нээлттэй ил зарлаад хамгийн өндөр үнэ өгсөнд өгдөг. Нийт 100 удаагийн сонгон шалгаруулалт зарлахад 40 нь амжилттай болдог. Дотоодын аж ахуй нэгжүүдээс хүсэлт гарч байгаа. Мөнгөтэй гадаадын хөрөнгө оруулагч нар тусгай зөвшөөрлийг маш ихээр аваад байна. Дотоодын мэргэжлийн компани авах боломжоор хангаж өгөөч гэдэг. Дээрээс нь салбараа нээж өгөөч.
Хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хоёр дахин бага. Өөрөөр хэлбэл, ирээдүйнхээ өмнө тэдний ирээдүйд хэрэглэх орд газруудыг нээн илрүүлж, судалж тогтоох ажлыг хийхгүй байна.
Жил орчмын өмнө Оюут ордын өрөмдлөгийг хүлээж авч байсан. Энэ ордыг хайгуулын ажил 50 жил үргэлжилсэн байдаг. Хайгуулын салбараа нээхгүй бол одоо байгаа ашиглалтын талбайгаа ашиглаад манай эдийн засаг энэнээс цааш тэлэх боломжгүй байгаа. Дэлхийн дунджаар хайгуулын тусгай зөвөшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө тав дахин илүү явж байж, орд газрууд уурхай болох боломж нээгдэж байдаг.
Улсын хэмжэнд 2 хүрэхгүй хувийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр өгсөн байдаг.
Хайгуулын салбарт ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийг авах бол нэгдүгээрт сонгон шалгаруулалт, хоёрдугаарт гэрээний үндсэн дээр авч болно. Гэрээний үндсэн дээр гэдэг нь геологийн суурь судалгааны ажил гэж байдаг. Энэ ажлыг төртэй гэрээ байгуулаад хувийн хэвшил хийх боломжоор хангана. Ингэхдээ энэ ажлыг хийгээд өгсний хариуд тухайн судалгаа хийсэн газрынхаа тодорхой хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр авдаг байх зохицуулалт оруулж өгнө. Хайгуулын тусгай зөвшөөрлийг аваад хадгалахад их хямдхан, удаан хугацаагаар хадгалж болдог.
Тиймээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нь эрс багасгаж, төлбөрийг нь эрс нэмэгдүүлж байгаа.
Өөрөөр хэлбэл, лицензийн наймаа худалдаатай холбоотой асуудлыг үндсэнд нь байхгүй болгох чиглэлд оруулж байгаа юм. Хоёрдугаарт мэргэжлийн хайгуулын компаниуд салбараа аваад явах тал руу оруулж байна. Олон улсад байдаг жишиг.
Лицензийн жил 12 байгааг 6 жил болгон бууруулж байна. Энэ хугацаанд хайгуул судалгааны ажлаа хийж, тайлангаа хүрлээлгэж өгөөд, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоод хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явах боломжоор хангаж байгаа.
Г.ХОРОЛ
Нийтэлсэн огноо2026-04-29





