Ж.Мэндсайхан: НӨАТ-ын босгыг 400 сая төгрөгт хүргэж, импортлогчдын НӨАТ төлөх хугацааг хоёр сараар хойшлуулж тооцдог болно www.itoim.mn
Н.Учралын Засгийн газар бүрдсэн даруйдаа өмнөх Засгийн газрын өргөн барьсан Татварын багц хуульд аж ахуй нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх ёстой гэж үзэн буцаан татсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хурлаар Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргалаа.
Энэхүү багц хуулийн хүрээнд Татварын ерөнхий хууль, ХХОАТ, ААНОАТ, НӨАТ гэсэн үндсэн татвартай холбоотой хуулиуд болон бусад дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж.
Сангийн сайд Ж.Мэндсайхан: Хүн амын орлогын албан татварт бага дунд орлоготой иргэдэд үзүүлдэг шаталсан хөнгөлөлт гэж байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон. Нэг ёсондоо хөдөлмөр эрхэлж буй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан авах юм.
Хоёрт, хувиараа бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум төгрөгөөр тооцож, борлуулалтын орлогоос нэг хувийн татвар төлөх боломж олгоно. Хэрэв үүнээс дээш гарвал орлого, зарлагынхаа харьцаагаар татварын өмнөх ашгаа тооцож 10 хувиар татвар төлөөд явна.
Гуравт, татвар төлөгч өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
Дөрөвт, жижиг дунд аж ахуй нэгжүүдийн борлуулалтын орлогын тааз 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум төгрөг болгоно. Ингэснээр нийт 180 мянган аж ахуй нэгж нэг хувийн татвар төлөх боломжтой болно. Аж ахуй нэгжүүд 6 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлогтой ажилласан бол 10 хувийн татвар, дээш бол 25 хувийн татвар төлдөг. Энэ хоёрын хооронд үүсэж буй савлагаа нь өндөр учраас дундын зохицуулалтыг оруулсан. Тухайлбал, 6 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол 10 хувь, 6-10 тэрбум бол 15, 10 тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бол 25 хувийн татвар төлнө.
Тавд, бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгож нэмнэ.
Зургаад, онцгой албан татварт нэг өөрчлөлт оруулсан. Импортоор орж ирж буй суудлын автомашины гаалийн албан татвар дээр 100 мянган ам.доллароос давсан хэсэгт нэмж 33 хувиар татвар ногдуулдаг болох зохицуулалт нэмж байгаа.
Татварын бодлогын хүрээнд шаталсан арга хэмжээ авч, өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг бүрэн хаадаг байсныг илүү уян хатан болгоно. Нэг ёсондоо олсон орлогын 80 хувийг татаж, 20 хувийг нь дансанд үлдээнэ. Ингэснээр бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж, урсгал зардлаа шийдээд явах боломж бүрдэх юм. Ямар нэгэн торгууль, актын алданги нь үндсэн төлбөрийнхөө 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг хязгаарыг тавьж өгөхгүй бол үндсэн төлбөрөөсөө хугацаа явах тусам давах эрсдэл харагддаг. Иймээс алдангийн дээд хэмжээг Иргэний хуульд заасан хэмжээнд уялдуулан тогтооно. Түүнчлэн, татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгоно. Импортлогч аж ахуй нэгжүүдийн НӨАТ-ын төлөх хугацааг хоёр сар болгож хойшлуулна. Ингэснээр орж ирсэн бараа үйлчилгээг худалдан борлуулсны дараа НӨАТ-аа төлөөд явах боломжтой болно” гэв.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-29





