Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчдэд 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ www.itoim.mn
Монгол Улс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгож байна. Шүгэл үлээгчдэд 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгох уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж, Засгийн газар өнөөдөр дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргажээ. Хуулийн төсөл 7 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дагалдан Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг дөрвөн хуульд өөрчлөлт оруулах аж. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Тэрээр "Олон улсын жишгийг харахад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт нь хуульчлагдсан, амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс ч үүнээс хоцрох ёсгүй. Манай нийгэмд хамгийн том аюул занал нь авлига, албан тушаалын гэмт хэрэг тул Хууль зүй, дотоод хэргийн яам Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл боловсруулсан. Уг хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэр гаргасан юм.
Манай улсад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бүрдэж, энэ хуулийн дагуу шүгэл үлээгчдэд 1 сая төгрөгөөс 5 тэрбум төгрөг хүртэл урамшуулал олгохоор тооцсон. Тиймээс уг хуулийг яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах чиглэлээр ажиллаж байна. Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дагалдан Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг дөрвөн хуульд өөрчлөлт орох юм.
Олон улсын жишгээр шүгэл үлээгчийг хамгаалах, тэдний мэдээллийг үнэлж урамшуулах нь авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал хэрэгсэл болдог. Манай нийгэмд хамгийн том аюул занал нь авлига, албан тушаалын гэмт хэрэг тул ийм эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн зарим этгээд хууль хяналтын байгууллагад холбогдон шалгагдаж байгаа хэргээсээ зугтахын тулд өөрийн хэргийг нийгмийн анхаарал сарниулах, эсвэл хуулийн байгууллагыг буруутган шүгэл үлээгч мэтээр харуулах оролдлого хийдэг. Энэ үйлдэл нь шүгэл үлээгчийн зорилготой огт холбоогүй бөгөөд зөвхөн амиа хамгаалах гэсэн гэмт хэрэгтнүүдийн арга юм. Олон улсад ч үүнийг ийм байдлаар үнэлдэг" гэлээ.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-03-25





