Монголын эдийн засгийг хэн хэрхэн таамаглав www.itoim.mn
Монгол Улсын эдийн засгийн ойрын жилүүдийн төлөвийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өөрсдийн өнцгөөс харж таамаглалаа. Тухайлбал, Дэлхийн банк Монголын эдийн засаг 2026 онд 5 хувийн өсөлттэй байна гэж үзсэн бол Азийн хөгжлийн банк 5.7 хувиар өснө хэмээн тооцоолжээ. Аль аль нь эдийн засаг харьцангуй тогтвортой байх ч өнгөрсөн оны өндөр өсөлтөөс бага зэрэг саарах төлөвтэйг онцолсон байна.
Дэлхийн банкны үнэлгээгээр уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар өмнөх оны өндөр өсөлтөө энэ онд давтах боломжгүй. Үүн дээр дэлхийн геополитикийн тодорхойгүй байдал, зөрчилдөөн үргэлжилж буй нь эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл юм. Олон улсын худалдааны төлөв тодорхойгүй хэвээр байна. Хэрэв Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжилбэл эдийн засгийн эрэлт суларч, түүхий эдийн экспорт буурах, үйлдвэрлэлийн зардал болон хэрэглээний үнэ өсөж, мөн өсөлт удаашрах эрсдэлтэй. Гэхдээ дунд хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүд үргэлжилж, дотоод эрэлт харьцангуй тогтворжих хүлээлттэй байгаа учраас эдийн засаг 2027-2028 онд дунджаар 5.5 орчим хувиар өснө гэж тооцжээ.
Азийн хөгжлийн банк арай өөдрөг байр суурьтай байна. Тэд Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэж үзэж байгаа бөгөөд уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл хэвээр байна гэж дүгнэжээ. Тухайлбал, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, нүүрсний эрэлт тогтвортой хадгалагдана. Гэхдээ эрчим хүчний үнийн өсөлт, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, гадаад зах зээлийн эрэлт суларсан нь эрсдэл дагуулж буйг онцлов. 2027 онд уул уурхайн салбар тэлж, уул уурхайн бус салбар идэвхэжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6 хувьд хүрэх боломжтой гэж тус банк дүгнэжээ.
Инфляцыг хэрхэн таамагласан бэ
Инфляцын хувьд ч хоёр байгууллагын таамаглал мөн ойролцоо байна. Дэлхийн банкны үзэж буйгаар төсвийн зардал хүлээлтээс давж нэмэгдвэл богино хугацаанд ДНБ-ий өсөлтийг дэмжих боловч гадаад тэнцвэрийг алдагдуулж, инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Шатахуун болон махны үнийн өсөлтийн нөлөөгөөр энэ онд инфляц 8.5 хувьд хүрнэ. Гэхдээ мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр инфляц 2027 онд 7.8 , 2028 онд 7.4 хувь хүртэл буурах төлөвтэй байна
Азийн хөгжлийн банкны тооцоолсноор инфляц 2026 онд 7.8 хувь, 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Ойрх Дорнодын нөхцөл байдал удаан үргэлжилбэл тээвэр болон хүнсний зардал богино хугацаанд нэмэгдэж өрхийн худалдан авах чадвар муудна. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, өрхийн хэрэглээг сулруулна. Энэ нь экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг тайланд тусгажээ.
Тэд юу зөвлөв
Дэлхийн банк, эдийн засгийн дархлааг бэхжүүлж, төрөлжилтийн дэмжихийн ач холбогдлыг онцлов. Тухайлбал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийн хоцрогдлыг арилгах, нэн ховор ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх, мөн гамшгийн бэлэн байдал, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод аж ахуйн нэгж, иргэд, хөдөлмөр эрхлэгчид төвлөрөх нь хотын бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн өргөн боломжийг бүрдүүлж байна. Гэвч хотын хэт төвлөрөл нь цаашид эдийн засгийн эерэг үр нөлөөг хязгаарлаж болзошгүй тул хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлж бусад бүсүүдэд илүү тэнцвэртэй хөгжлийг дэмжих нь чухал.
Азийн хөгжлийн банк, ьодорхойгүй байдал идэвхжиж буй өнөөгийн нөхцөлд эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, урт хугацаанд тогтвортой олон тулгуурт өсөлтийн суурийг тавих шаардлагатай. Цаашид макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалахаас гадна гадаад зах зээл болон уур амьсгалаас цочролд эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх нь чухал. Ингэхдээ уул уурхайгаас бусад салбарын хөгжлийн эрчимжүүлэх, хүнсний болон эрчим хүчний найдвартай хангамжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулна. Мөн экосистемд суурилсан санхүүжилтийн шинэлэг хэрэгслүүдийг оновчтой ашиглах хэрэгтэй. Тэсвэртэй байдал нь урт хугацааны зорилго биш эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна.
Ерөнхийдөө хоёр байгууллагын төсөөлөл ойролцоо байгаа бөгөөд манай эдийн засаг дунд хугацаандаа тогтвортой өсөлттэй байх ч инфляцын дарамт, гадаад орчны тодорхойгүй байдал гол сорилт хэвээр байна. Хэрэв геополитикийн нөхцөл байдал, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн илүү удаан үргэлжилбэл эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур гарч, инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй юм.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-15





