Нийт зээлийн үлдэгдэл 45.3 их наяд төгрөгт хүрчээ www.eagle.mn
2026 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн үлдэгдэл 45.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.4 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 60.7 хувь нь иргэдэд, 38.3 хувь нь хувийн байгууллагад, 0.4 хувь нь төрийн байгууллагад, 0.7 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагад ногдож байна.
Хэвийн зээлийн үлдэгдэл 41.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 91.4 хувийг эзэлж байна.
Харин чанаргүй зээлийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 268.4 тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 5.0 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 5.1 хувийг бүрдүүлж байна.
Мөн арилжааны банкнууд болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны хоёрдугаар сарын эцэст 11.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.0 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 103.4 тэрбум төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-04-14





