Энэ онд 633 мянган га талбайд тариалалт хийнэ www.eagle.mn
Энэ онд улсын хэмжээнд нийт 633.4 мянган га талбайд тариалалт хийнэ гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Тодруулбал, 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийх аж. Мөн 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлжээ.
Улсын нийт төмсний нийлүүлэлтийн 60 хувийг үйлдвэрлэдэг Төв аймгийн Жаргалант суманд өнгөрсөн жил ган болсон. Мөн төмсний талбайд өвчлөл гарсантай холбоотой ургац алдсан. Үүний улмаас төмсний үрийн дутагдал үүссэн гэдгийг ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун мэдээлсэн байна. Тиймээс үрийн төмс импортоор оруулж ирэхээс өөр аргагүйд хүрч, 3-5 мянган тонн үрийн төмсийг тариаланчдад зээлийн нөхцөлөөр нийлүүлэхээр шийдвэр Засгийн газар гаргасан юм. Ийнхүү улсын хэмжээнд 16.3 мянган га-д төмс тариалахаар төлөвлөсөн байна.
Нийтэлсэн огноо2026-04-14





