"Та бүхэн цахим сүлжээгээр манай улсын нэр хүндэд халдаж байна" гэж надад 2-3 удаа хатуу хэлсэн www.gogo.mn
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын 40 гишүүн Харбины гэрээ сэдвээр сонсгол зохион байгуулах хүсэлтээ намрын чуулганы хугацаанд гаргасан. Өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.
Энэ шийдвэрийг эсэргүүцэн Ж.Баярмаа, Д.Ганбат, М.Энхтүвшин нар хэвлэлийн хурал хийгээд амжсан. Засгийн газрыг төлөөлөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын талтай байгуулсан гэрээнд гарын үсэг зурсан юм.
Тэрээр, "УИХ өөрсдөө гэрээ байгуул гэсэн. Гэрээ байгуулсны дараа та нартай хийсэн гэрээ муухай байна, болохгүй байна. Таалагдахгүй байна гэвэл урд айл "Уучлаарай, бид танайхаас заавал нүүрс авах албагүй. Бидний нэр хүндэд маш их халдаж байна" гэнэ.
"Та бүхэн цахим сүлжээнд манай улсын нэр хүндэд халдаж байна" гэж надад 2-3 удаа хатуу хэлсэн. Ганц надад хэлээгүй. Тухайн үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Н.Ганибалыг бас дуудаж хэлсэн байна лээ. Бид хэлсэндээ байхгүй бол урд хөрш юунд эмзэглээд байна гэхээр "Хөрш орноо дарамталж бага үнээр нүүрс авлаа" гэж биднийг дэлхий нийтэд гутаалаа гэдэг.
Тэр мангас шиг айлд нийлүүлж байгаа манай нүүрс нийт нүүрснийх нь 2-хон хувь шүү дээ. Харбины гэрээг сонсгол хийж биш, дотроо, хаалттай хүрээнд ярих нь зөв" гэв.
Нийтэлсэн огноо2026-04-13





