Улаанбаатарт ААН, байгууллагын 70 хувь нь төвлөрсөн байдаг www.news.mn
Үндэсний статистикийн хорооноос таван жил тутамд зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” өчигдрөөс /2026.4.15/ эхэллээ. Улсын хэмжээнд нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү тооллогыг найм дахь удаагаа зохион байгуулж байна.
Өмнө нь Статистикийн тухай хуульд заасны дагуу 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онуудад явуулж байжээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, бүрэн цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, төрийн байгууллагуудын мэдээллийн санд бүртгэлтэй өгөгдөлд тулгуурлан явуулах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулан мэдээллээ баталгаажуулах аж. Цаашид Үндэсний Статистикийн Хорооноос тооллогыг бүртгэлд суурилсан аргаар тогтмол зохион байгуулж, төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг уялдуулсан цахим систем нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна. Ингэснээр мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв зардал болон цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчдийн ачааллыг багасгах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг давуу тал бий болох аж. Мөн ирээдүйд тооллогыг жилийн давтамжтай явуулах боломж бүрдэх юм.
2025 оны байдлаар улсын хэмжээнд 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ.
Энэхүү тооллогын хүрээнд статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах тогтмол системийг нэвтрүүлнэ. Энэ нь аж ахуйн нэгжүүд болон хүний нөөцөд ирэх ачааллыг бууруулах, үйл ажиллагааг илүү хялбаршуулах ач холбогдолтой юм.
Нийтэлсэн огноо2026-04-16





