Засгийн газрын зогсоосон Туулын хурдны замын төсөлд 500 орчим тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид олгожээ www.itoim.mn
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх төсөл болох “Туулын хурдны зам”-ын төлөвлөлт болон хэрэгжилттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, улмаар Засгийн газраас зогсоох шийдвэр гаргаад байна. Гэвч баригдах эсэх нь эргэлзээтэй байгаа "Туулын хурдны зам"-ын төсөлд нийслэлээс 500 орчим тэрбум төгрөгийг БНХАУ-ын "Хаоюань женерал констракшн" ХХК-ийн дансанд аль хэдийн шилжүүлээд байгаа юм.
Анх тус төслийг дөрвөн эгнээ бүхий 32 км урт авто зам байдлаар төлөвлөж, нийт өртгийг 916 тэрбум төгрөгөөр баталсан. Гэвч 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг замыг зургаан эгнээ болгон өргөтгөж, төвийн бүсээр дайран өнгөрөх хэсгийг гүүрэн байгууламжаар шийдвэрлэхээр өөрчилсөн нь төсөвт томоохон нөлөө үзүүлжээ. Тийнхүү нийт өртөг 1.9 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байна. Цаашлаад Нэгдүгээр тойрог замтай уялдуулах шаардлага гарснаар гүүрэн байгууламжийн уртыг 6771 метрээс 9878 метр болгон нэмэгдүүлсэн бөгөөд хөдөлмөрийн хөлс, техник хэрэгслийн ашиглалтын шинэ жишиг батлагдсантай холбоотойгоор төсвийг дахин тооцоход нийт зардал 2.3 их наяд төгрөгт хүрч өссөн байна.
2025 онд нийслэлийн төсвөөс 538.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр баталжээ. Олон улсын нээлттэй тендерээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, төслийн гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Төслийн хүрээнд 9.8 км урт гүүрэн байгууламж, 190 метр урт туннель барих бөгөөд энэ нь нийт төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа юм. Зам ашиглалтад орсноор хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш төвөөр дайралгүй зорчих боломж бүрдэж, түгжрэлийг 50 гаруй хувиар бууруулна гэж тооцоолжээ.
Байгаль орчны үнэлгээний хувьд 2025 онд холбогдох судалгаа, нарийвчилсан үнэлгээг хийж, агаар, ус, хөрс, ургамал, амьтан болон нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах 14 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмж гарсан байна. Гэсэн ч Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй гэх шалтгаанаар төслийг түр хугацаанд зогсоож байсан ч уг төлөвлөгөөг эцэслэн баталснаар ажлыг дахин эхлүүлэх боломж бүрдсэн юм. Цаашид хоёр жил тутамд аудит хийж, төслийн хэрэгжилтэд хяналт тавихаар төлөвлөөд байсан юм. Гэвч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоох шийдвэр гаргалээ.
Энэ шийдвэрийн тухайд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлж, уг төсөл нь хууль, журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд гүйцэтгэгчийг нээлттэй, олон улсын тендерээр сонгосон гэж мэдэгдлээ. Тэрээр төслийг улс төржүүлж, зохион байгуулалттайгаар эсэргүүцэж байна хэмээн шүүмжилж, нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоосоо хэзээ ч ухрахгүй гэсэн юм.
Ийнхүү Туулын хурдны замын төсөл нь тодорхойгүй нөхцөл байдалд шилжиж цаашид бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх эсэх нь хууль хяналтын байгууллагын шалгалтын дүнд үндэслэн гарах юм.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-04-22





