Эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад паспорт олгосон хүмүүст ял оноов www.eagle.mn
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдэд гадаад поспорт гаргаж өгсөн улсын бүртгэгч нарын хүмүүст холбогдох хэргийг шүүх хэлэлцэж, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оноожээ.
Тодруулбал, Б.М нь ...дүүргийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа З.А, Н.Г, Т.Т нартай бүлэглэж, тэдний гуйлтаар холбогдох хууль тогтоомж зөрчиж, цагдаагийн байгууллагаас шалгаж буй эрүүгийн хэрэгт олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа нэр бүхий иргэний нэр дээр үндэсний энгийн гадаад паспортыг гарган өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байна.
Тиймээс тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн аж.
Харин шүүхээс:
Б.М, З.А нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,
Н.Г-г нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,
Т.Т-г хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 8 сар хорих ял оногдуулсан.
Нийтэлсэн огноо2026-05-02





