Нөхөн сэргээлт нэрийн доор ашигт малтмал олборложээ www.news.mn
Экологийн цагдаагийн албанаас Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх явцдаа хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Тодруулбал, ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй “Б” гэх аж ахуйн нэгжийн эзэмшлийн талбайд “Х” гэх хуулийн этгээд гэрээгээр нөхөн сэргээлт хийх нэрийн доор зохион байгуулалттайгаар ашигт малтмал олборлож, олборлолтын талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Экологийн цагдаагийн алба хаагчид тухайн талбайд ашиглагдаж байсан хүнд даацын 40 гаруй техник хэрэгслийг газар дээр нь битүүмжлэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. Дээрх хууль бус үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл буюу "Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд хуулийн дагуу буруутай этгээдийг торгуулийн ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Нийтэлсэн огноо2026-06-17





