Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны XXIV хуралдаан болов www.montsame.mn
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 24 дүгээр хуралдааныг Брюссель хотноо энэ сарын 29-нд зохион байгуулав.
Хамтарсан хорооны хуралдаанаар талууд улс төр, нийгэм, эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдал, олон улсад тулгамдаж буй зарим асуудлаарх байр сууриа харилцан танилцуулж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар болон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Түүнчлэн “Ойн түншлэл” санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хувь нэмрээ оруулахын төлөө байгаагаа талууд илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар ярилцлаа.
Талууд Хамтарсан хорооны хуралдааны дэргэдэх Хүний эрхийн яриа хэлэлцээ болон Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн ээлжит хуралдааны дүнг хэлэлцэж, Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хурлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.
Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны Хамтарсан хорооны 24 дүгээр хуралдааны дүнгээр хамтарсан хэвлэлийн мэдээ гаргав. Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын орлогч захирал Доминик Портер нар тэргүүлэн оролцлоо.
Туул.Б
Нийтэлсэн огноо2026-06-30





