АЙЛЧЛАЛ: Монгол Улс, БНСУ стратегийн түншлэлийн алтан үеийг эхлүүллээ www.itoim.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Өмнөд Солонгосын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь сүүлийн 15 жилийн дараах анхны төрийн айлчлал болж байгаагаараа онцлогтой.
Одоогийн байдлаар 60 мянга гаруй Монгол иргэн БНСУ-д, харин 1600 орчим солонгос иргэн Монгол Улсад оршин сууж байна. Өмнөд Солонгосын төрийн тэргүүний энэхүү айлчлал нь зөвхөн дипломат харилцааны хүрээнд бус, газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын түншлэлийг шинэ түвшинд хүргэх чухал үйл явдал болж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд хүлээн авах ёслол болов. Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.
Нийтэлсэн огноо2026-07-10





