Боржин бродюрын шинэчлэл аудитын шалгалтад бүдэрчээ www.news.mn
Нийслэл дэх Төрийн аудитын газраас нийт 53.9 тэрбум төгрөгийн өртөгтэй авто замын боржин чулуун хашлага буюу бродюрын шинэчлэлийг хууль хяналтын байгууллага руу шилжүүлэн шалгуулахаар болжээ
Нийслэл хот өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг бүр нь 120 мянган төгрөгийн үнэтэй хятад бродюроор зам талбайгаа гоёсон. Гэвч энэ нь Монгол Улсад мөрдөгдөж буй наад захын норм, дүрэм, стандартад нийцээгүй гэдгийг аудитын шалгалтаар тогтоосон байна. Тухайлбал, Нийслэлийн замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлтийн ажилд боржин чулуун бродюр ашиглах нь хашлаганы насжилтыг уртасгаж, ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ гэсэн тайлбарыг аудиторуудад ирүүлсэн боловч энэ чиглэлээр хийсэн туршилт судалгааны материал огт байхгүй аж.
Мөн нийслэлийн авто замын бродюрыг хуугаар нь солихдоо санхүүгийн болоод тендер сонгон шалгаруулалтын ноцтой зөрчлүүд гаргасан гэдийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтэд дурдсан байна. Шалгалтын үр дүнд нийт 53.9 тэрбум төгрөгийн өртөгтэй авто замын боржин чулуун хашлага буюу бродюрын шинэчлэлийг хууль хяналтын байгууллага руу шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Аудитаас нийслэлд 2024 онд хэрэгжсэн авто зам, бродюрын шинэчлэлтэй холбоотой төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд нэг бүрчлэн шалгалт хийсэн. Дүгнэлтийг нэмэлт хачиргүйгээр тоймлон хүргэе.
Улаанбаатар хот 2024 онд авто зам, бродюрын шинэчлэлтэй холбоотой нийт 743.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 210 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайн онд 499.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр баталснаас 59 хувийг буюу 294.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Энэ хөрөнгийг НИТХ-аар баталсан. Гэтэл нийслэлийн Засаг даргын удаа дараагийн захирамжуудаар төслийн төсөвт өртөг, нэр байршлуудыг дур мэдэн өөрчлөн тогтоосон байна.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэлд “Зургийн автор болон төсөвчинтэй зөвшилцөөд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй авто зам, замын байгууламжийн зурагт оруулсан өөрчлөлтөөрөө дутагдаж байгаа бродюр дээр чулуун болгож материалынх нь хийцлэлийг өөрчилж ажлыг дуусгахыг нийслэлийн Замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т үүрэг болгов” гэжээ.
Энэхүү тэмдэглэл нь авто замын төслүүдийн төсөвт өртгийг үлэмж нэмэгдүүлсэн нэгхэн жишээ. Нийслэлийн авто замын засвар, шинэчлэлийн хүрээнд төсөвлөсөн 43 төсөлд боржин бродюр ашигласнаар нийт өртгийг 21.1 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хэрэв бетонон бродюр ашиглахаар тооцож үзвэл дээрх 43 төслийн нийт дүн нь 4.8 тэрбум төгрөг болно. Өөрөөр хэлбэл, бордюрын өртгийг дунджаар 4 дахин нэмэгдүүлж, 16.3 тэрбум төгрөг хэмнэх боломж байжээ.
Суурьлуулсан бродюр тоо ширхгийн үнийн хувьд мөн л аудиторуудын анхаарлыг татсан байна. Хот 2024 онд боржин чулуун хашлага ашиглахаар тооцсон 187 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 43 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулсан.
Худалдан авах ажиллагаанд оролцсон компаниуд үнийн санал ирүүлэхдээ, хятадаас импортлох боржин чулуун бордюрын нэг ширхгийн өртгийг дунджаар 120 мянган төгрөгөөр тооцон ирүүлжээ.
Харин “Монголын чулуун бүтээгдхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” ТББ-аас Нийслэлийн замын хөгжлийн газарт ирүүлсэн албан бичигт авто замын боржин чулуун бродюр нийлүүлэх нэг ширхгийн үнийг 118 мянган төгрөгөөр тооцон ирүүлсэн байна. Гэтэл дотоодын аж ахуйн нэгжүүдийн саналыг огт авч хэлэлцээгүй аж. Тиймээс Монгол Улсад 2024 онд импортоор орж ирсэн авто замын боржин чулуун хашлаганы нэгж өртөг дунджаар 97.3-141.9 мянган төгрөг байсныг аудитын тайланд зориуд дурдсан байна.
Ийнхүү үнийн дүнгийн зөрүүтэй боржин бордюрын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтгүй ногоон гэрлээр тодорсон. Аудитын тайланд дурдсанаар, нийслэлийн харьяа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ “Мегатитан” ХХК, “Тотал инж” ХХК, “Эйч Ки Би интернэшнл” ХХК-иудыг сонгон шалгаруулалт зохион байгуулалгүй туслан гүйцэтгэгчээр тодруулсан байна. Түүнчлэн зарим гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжийг хангасан боловч шаардлагад нийцээгүй гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Улаанбаатар хотод өнөөг хэр нь үргэлжилж буй зам талбайн бродюрын шинэчлэлийн ажилд хийсэн аудитын шалгалтын дүнг зах зухаас нь танилцуулахад ийм байна. Дараагийн удаа авто замын бродюрын ажлыг төсөвт өртгийг нь олон арав дахин нэмэгдүүлж, чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг танилцуулах болно.
Үргэлжлэл бий…
Нийтэлсэн огноо2026-07-30





