Шатахуун олгодог зохицуулалтыг бямба гарагаар тасалбар болгоно www.montsame.mn
Шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр болж, хурлаас гарсан шийдвэрийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотын 144 ШТС-д 1200 тонн АИ92 бензин, орон нутгийн 82 ШТС-д 900 орчим тонн АИ 92 бензинийг тус тус хүргэсэн байна. Энэ нь ердийн үед манай улсын нэг өдрийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Мөн ОХУ-аас 180 вагон буюу 11000 тонн АИ92 шатахуун замд яваа бөгөөд энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх төлөвтэй байна. Иймд 50 хүртэлх мянган төгрөг болон тэгш, сондгой дугаараар шатахуун олгодог зохицуулалт энэ бямба гарагаар тасалбар болж байна.
Түүнчлэн өнөө орой Улаанбаатар хотод 1200 тонн АИ92 бензин буух ба ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулна. ТС-1 буюу онгоцны түлшний хангамжийг нэмэгдүүлэхээр БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авах гэрээ хийж, эхний 1000 тонн түлшийг хүлээн авсан бол үлдсэн 2000 тонн түлш ойрын хугацаанд ирэх юм. Үүний зэрэгцээ БНСУ-аас ЕВРО5 стандартын шатахуун худалдан авах гэрээг хийсэн байна.
Манай улсын нэг сарын дундаж хэрэглээ 60-70 мянган тонн гэж үзвэл, энэ сард ОХУ-аас 50000 тонн АИ92, 15000 тонн АИ95, нэмэлтээр 25000 тонн АИ92 болон 5000 тонн ТС-1 төрлийн шатахууныг татан авахын зэрэгцээ БНХАУ, БНСУ-аас шатахуун авах гэрээг хийснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэж салбарын яамнаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-08-12





