Мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар өсгөв www.news.mn
Төв банк дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувьд хүргэв. Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5 хувьд хүргэх шийдвэр гаргажээ. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт болон Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүд энэхүү шийдвэрийг танилцуулав.
С.Наранцогт энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэсэн. Жилийн инфляц 2026 оны долоодугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13 хувьтай гарсан.
Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлсэн. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны долоодугаар сард хүлээлтээс давж эрчимжсэн.
Цаашид шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй болсон. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр гэдгийг онцлов.
Төв банк мөнгөний бодлогын хүүг 2024 оны арванхоёрдугаар сард 10 хувь хүртэл бууруулах шийдвэр гаргаж байсан. Улмаар 2025 оны гуравдугаар сарын ээлжит хуралдаанаараа 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан байдаг. Түүнээс бодлогын хүүг нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан энэ болж байна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮ ГЭЖ ЮУ ВЭ?
Мөнгөний бодлогын хүү гэдэг нь төв банкнаас арилжаалж буй хамгийн богино хугацаатай үнэт цаасны хүүгийн түвшинг хэлдэг. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас төв банкинд мөнгө байршуулахад, түүнд тооцож буйг хүүг бодлогын хүү гэж нэрлээд байгаа. Энэ нь эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд бодлогын хүүг бусад санхүүгийн хэрэгслүүдийн хүүтэй харьцуулах замаар шийдвэр гаргадаг. Эдийн засагт хэт их мөнгө эргэлдэж, эрэлтийн гаралтай үнийн өсөлт үүсэх үед төв банк бодлогын хүүг нэмэх замаар мөнгөний хатууруулах арга хэмжээ авдаг. Тэр үед арилжааны банкууд илүүдэл мөнгөн хөрөнгөө төв банкны үнэт цаасан байршуулж, эрсдэлээс сэргийлдэг гэсэн үг. Эсрэгээрээ эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх энэ аргыг мөнгөний бодлогоо зөөлрүүлэх гэж нэрлээд байгаа. Мөнгөний бодлогын хүү буурснаар арилжааны банкууд төв банкны үнэт цааснаас татгалзаж, зээл олголтоо нэмэгдүүлдэг. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлж, эдийн засгийг өсөлтийг дэмжих мөнгөний арга хэрэгсэл юм.
БАНКНУУДЫН ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ ГЭЖ ЮУ ВЭ?
Заавал байлгах нөөц гэдэг нь арилжааны банкуудын бусдаас татан төвлөрүүлсэн хадгаламжийн тодорхой хувийг төв банкан дахь харилцах дансанд байршуулах хувь хэмжээ юм. Монголбанкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ашигладаг хэрэгслүүдийн нэг. Банкуудад үүссэн хуримтлал эргээд эдийн засаг руу зээл хэлбэрээр гардаг үндсэн зарчимтай. Энэ нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэх замаар инфляцыг өдөөдөг өөр нэг суваг болдог. Иймд банкуудын төгрөгөөр заавал байлгах нөөцийг нэмэх шийдвэр нь мөнгөний нийлүүлэлтийг бууруулах замаар инфляцыг тогтворжуулах Мөнгөний бодлогын хорооноос гаргаж буй чухал шийдвэрүүдийн нэг юм. Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг 2020 оноос хойш тасралтгүй нэмэгдүүлж ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахлын үеийн эдийн засгийн хямралаар заавал байлгах нөөцийг 6 хувиар тогтоож байсан бол түүнээс хойш 2021 онд 8, 2024 онд 10, 2025 онд 13 хувь гэх мэтээр тасралтгүй нэмэгдүүлж иржээ.
Нийтэлсэн огноо2026-08-12





