“Эрдэнэт үйлдвэр” 2027-2031 онд стратегийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлнэ www.montsame.mn
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, тус яамны дэд сайд С.Даваасүрэн, газар, хэлтсийн дарга нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник, технологийн шинэчлэл болон хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Энэ үеэр Ил уурхай, “Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх” төслийн бүтээн байгуулалт, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, шинэчлэл, Авто тээврийн цехийн технологийн тээврийн автомашины засварын хэсгийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцав.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар уулзаж, үйлдвэрийн хөгжлийн зорилт, цаашид хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн 10 жилд техник, технологийн шинэчлэл хийж, хүдэр боловсруулах хэмжээг 40 сая тоннд хүргэх үйлдвэрлэлийн суурийг бүрдүүлсэн байна. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг дахин нэмэгдүүлэхээс илүүтэй одоо байгаа хүчин чадлын өгөөжийг дээшлүүлэх, найдвартай ажиллагааг хангах, нөөц болон дэд бүтцийг урт хугацаанд оновчтой ашиглахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Тус үйлдвэр 2027-2031 онд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор стратегийн хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, Ил уурхай болон Авто тээврийн цехийн техникийн шинэчлэл хийх, Засвар, механикийн заводын өргөтгөл, шинэчлэл хийх, ус хангамжийн шугам хоолойг шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн цахилгаан хангамжийн шугам сүлжээ, дэд станцыг шинэчлэх, 1000 кВт-ын нарны цахилгаан станц байгуулна. Үүнээс гадна дэвшилтэт техник, технологи бүхий бүрэн автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор байгуулах, Оюут ордыг бүрэн ашиглах хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тогтвортой эрх зүйн орчин, төрийн бодлогын шийдэл, хэрэгжилтийг уялдуулах нэгдсэн механизм шаардлагатайг үйлдвэрийн удирдлага танилцууллаа. Төрийн бодлого болон үйлдвэрийн хөгжлийн зорилтыг уялдуулах нь төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал болохыг онцолсон байна.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр”-ийн зорилго, зорилт тодорхой, алсын хараа сайтай байгааг онцлоод, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр байгаа энэ үед урт хугацааны хөгжлийн зээлийн эх үүсвэрийг ашиглан хөрөнгө оруулалтын төслүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулах боломжтойг зөвлөв.
Мөн Оюут орд, “Сэлэнгэ” амралтын баазын орчим илэрсэн Хүннүгийн үеийн дурсгалыг авран хамгаалах, Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өглөө. “Эрдэнэт үйлдвэр” 2017 онд улс, орон нутгийн төсөвт 577.6 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол өнгөрсөн онд 2.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Харин 2017-2025 онд Орхон аймгийн төсөвт 608 тэрбум, Булган аймгийн төсөвт 194 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.
Нийтэлсэн огноо2026-09-14





