Чулуун нүүрсний экспорт 82.3 сая тоннд хүрчээ www.news.mn
Монгол Улс оны эхний есөн сарын байдлаар 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолж, 9.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авчээ. Ингэснээр экспортын дүн импортоос 6.6 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 57.2 хувиар өссөн байна. Үүнд уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 40.9 хувиар өсөж, 82.3 сая тоннд хүрсэн байна. Мөн зэсийн баяжмалын экспорт 20.5 хувь, төмрийн хүдрийн экспорт 4.1 хувиар тус тус нэмэгджээ.
Харин боловсруулаагүй нефтийн экспорт 7.8 хувиар буурсан байна. Мөн малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 20.5 хувь, алтны экспорт 22.1 хувиар тус тус буурчээ. Импортын тухайд түлш болон хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан байна.
Тодруулбал, 684.9 мянган тонн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн бол 1,463.5 мянган тонн дизель түлш импортолсон нь 7.5 хувиар нэмэгджээ.
Харин суудлын автомашины импорт 804.6 сая ам.доллар, ачааны автомашины импорт 367.2 сая ам.доллараар тус тус буурсан байна. Хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өсжээ. Улаанбуудай, хүнсний ногоо, элсэн чихэр, жимс, самар, тахиа, гахайн мах болон өөхний импорт 9.1-35.5 хувиар нэмэгдсэн байна.
Нийтэлсэн огноо2026-10-08





