Бензиний үнийн өсөлтөөс хамаарч инфляц 12.9 хувьд хүрлээ www.itoim.mn
Улсын хэмжээнд есдүгээр сард инфляц 12.9 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.4 нэгж хувиар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Есдүгээр сарын инфляц өсөхөд бензиний үнэ нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Үүнээс гадна хүнсний бараа, тэр дундаа махны үнэ өмнөх сараас тодорхой хэмжээгээр буурсан ч өмнөх оныхоос өндөр хэвээр байна.
Тодруулбал, АИ-92 бензиний нэг литрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 82 төгрөгөөр нэмэгдэж, 3,040 төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 450 орчим төгрөг буюу 17.4 хувиар өссөн үзүүлэлт. Түлшний үнийн өсөлтийн нөлөөгөөр тээврийн бүлгийн үнэ жилийн өмнөхөөс 15.2 хувиар, өмнөх сараас 3.2 хувиар нэмэгдсэн нь сарын инфляцыг өсгөх гол хүчин зүйл болжээ.
Мөн нийслэлд үхрийн цул махны нэг кг дундаж үнэ есдүгээр сард 35,023 төгрөг болж, өмнөх сарынхаас 1,498 төгрөгөөр буурсан. Гэхдээ жилийн өмнөхөөс 43.7 хувиар буюу 10,650 орчим төгрөгөөр өндөр хэвээр байна. Үүний зэрэгцээ өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ч өсөлттэй байгаа бөгөөд гоймонгийн үнэ 28.2 хувь, гурил болон түүнтэй төстэй бүтээгдэхүүний үнэ 11.1 хувиар нэмэгджээ.
Ерөнхийдөө сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлд үхрийн цул махны үнэ 70 хувь, АИ-92 бензин 27.2 хувь, 1-р зэргийн гурил 7.4 хувиар тус тус өссөн байна.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-11





