Монгол Улсын 43 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна www.eagle.mn
Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “Энэ оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 455 гэмт хэргийг илрүүлж, 518 хүнийг холбогдуулан шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн нийт 15 төрлийн 134,825 хүн нэг удаагийн хэрэглэх хэмжээний бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Түүнчлэн гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Одоогийн байдлаар гадаад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна. Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн алба хаагчид хураан авсан мансууруулах бодисыг цааш нь дамжуулдаг, хэрэглэдэг, худалдан борлуулдаг гэх мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл.
Цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримтаар хураан авсан мансууруулах бодисыг хадгалах, шилжүүлэх, устгахдаа хууль, журмыг чанд мөрддөг. Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд тасралтгүй камерын хяналттай нөхцөлд хадгалдаг. Харин шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хуульд заасан журмын дагуу устгуулдаг. Уг үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүх шинжилгээний байгууллага зэрэг нийт таван байгууллага хамтран оролцдог" гэлээ.
Нийтэлсэн огноо2026-11-05





