“Тусгай хамгаалалттай газрыг сонгон шалгаруулалтаар ашиглуулдаг болно" www.news.mn
БОУАӨЯ-наас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах төсөл сонгон шалгаруулалт зарласан талаар өнөөдөр /2026.11.05/ мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутагт байгаль, аялал жуулчлалын чиглэлээр шинээр газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах журмаар олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөвшөөрлийн тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулснаар газар олголтыг төсөл сонгон шалгаруулалтын журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2024, 2025 онуудад баталж, үүний дагуу төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулахаар ажилласан.
2024 онд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 42, Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газарт 27, нийт 71 нэгж талбарт төсөл сонгон шалгаруулалт зарласан боловч цахим хэлбэрээр шийдвэрлээгүй, зөвхөн танхимаар зохион байгуулсан.
Харин 2025 онд төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй. Учир нь Авлигатай тэмцэх газраас жил бүр тусгай хамгаалалттай газар нутагт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажилладаг бөгөөд энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас холбогдох зөвлөмж ирүүлсэн. Уг зөвлөмжийн дагуу сайдын тушаал гарч, төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын журам батлагдсан.
Өмнө нь тусгай хамгаалалттай газар нутагт газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах хэлбэрийг зөвхөн нэг удаа ашиглаж байсан. Түүнчлэн газар ашиглах эрхийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтэд үндэслэн олгодог байсан бол Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор бүх этгээдэд нээлттэй, ил тод, тэгш боломж олгох зарчмаар төсөл сонгон шалгаруулж, газар ашиглуулах болсон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар олголт, газар ашиглалттай холбоотой харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан бөгөөд 1997 онд батлагдсан уг хуульд газар ашиглалтын асуудлыг нарийвчлан зохицуулсан тодорхой заалтууд хангалтгүй байсан.
Үүний улмаас өнөөдөр Богд хан уул, Горхи-Тэрэлжийн бүсэд суурьшлын бүс үүсэж, газар ашиглалтын зохион байгуулалттай холбоотой асуудлууд бий болсон.
Иймд үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах, газар ашиглалтыг төлөвлөлт, зохион байгуулалтад оруулах зорилгоор Засгийн газраар холбогдох асуудлыг батлуулсан.
Ингэснээр өмнө нь иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу газар ашиглах эрх олгодог байсан тогтолцоо үндсэндээ өөрчлөгдсөн.
Одоогийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутагт төсөл хэрэгжүүлэх материалыг аравдугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 18.00 цаг хүртэл Газрын биржийн цахим системээр дамжуулан хүлээн авч, нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулахаар зарласан гэлээ.
Нийтэлсэн огноо2026-11-05





