О.Алтангэрэл: Төгрөг нуур, Цагаан суварга, Асгат зэрэг таван ордын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа www.eguur.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Ухаа худаг төслийн ажлын хэсэгт ашиг сонирхлыг зөрчилгүй гишүүдийг оруулсан-
-Ухаа худаг төслөө УИХ-д өргөн барьсан ч бичиг баримт дутуу гээд буцаасан. Засгаас янзалж дахин өргөн бариагүй байж байтал УИХ-аас ажлын хэсэг байгуулчихлаа. Одоо Засгийн газрын зүгээр төслөө урагшлуулах тал дээр хэрхэн оролцох юм?
-Ухаа худгийн асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдчихлаа. Засгийн газраас УИХ-д тогтоолын төсөл хүргүүлснээс хойш 54 хонгийн дараа ажлын хэсэг нь байгуулагдаж байна. Одоо УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг санал дүгнэлт гаргаж, Засгийн газар мэдээллээр хангаж ажиллана. Сайд холбогдох яамд мөн УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангана. Мөн гишүүд өөрсдөө бие даасан хараат бус шийдвэр, санал дүгнэлт гаргана. Үүний дагуу ажил цааш явна. Хамгийн чухал нь 2007 онд энэ тогтоол батлагдсанаас хойш 18 жилийн дараа Монголын төрийн эрх барих дээд байгууллага Ухаа худгийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, энэ асуудал албан ёсоор хэлэлцүүлгийн дүнд орлоо.
Ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийг бид хэлэлцэнэ. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг заавал биелүүлэх ёстой. УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар биелүүлэг үүрэгтэй. Олон жил тунхгийн шинжтэй байж олон улс төрчийн улс төр хийх сэдэв болж байсан Ухаа худгийн асуудал дээр УИХ удахгүй албан ёсны байр сууриа гаргахаар боллоо. Ингэж шийдвэрлэгдэхээр болсонд ажлын хэсгийг нь ахалж ажилласан сайдын хувьд талархалтай байгаа.
Мөн УИХ-аас байгуулсан ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй. П.Мөнхтулга гишүүн ахалж байгаа. Би энэ бүрэлдэхүүнийг ашиг сонирхлыг зөрчилгүй гэж ойлгосон. Ажлын хэсэг хараат бусаар шийдвэрээ гаргана гэж найдаж байна.
-Засгийн олон нийтэд өгөх ойлголт дээр маш их пиар хийгээд байгаа хэр нь дотоод ажлууд чинь гологдоод эргэж унаад байгаа дээр ямар арга хэмжээ авах гэж байгаа юм. Тухайлбал сая зогссон ажил дээр хоёр ном хэвлэж, гаргах жишээний. Ер нь ээ хаврын чуулганаар яг бодитой үр дүг гарах юм уу. Цаг авсан пиарын түвшинд энэ ажлууд чинь гацаад байна шүү дээ. Яг бодитой ямар алхам хийх юм бэ?
-Засгийн газрын ажилд алдаа дутагдал гарч байгааг үгүйсгэхгүй. Шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаад байгаа нь ч үнэн. Засгийн газар байгуулагдаад 10 сар болж байна. Энэ хугацаанд 20 жил яриад хөдөлгөж чадаагүй асуудлаа хөдөлгөж чадсан боловч зарим ажлаа урагшлуулж чадаагүй. Гэхдээ зарим нэг төслөө хурдан шийдвэрлэхээр хичээж байгаа. Бидэнд цаг хугацаа бага байна. УИХ-аар асуудал хэлэлцэх, Засгийн газраар асуудал хэлэлцэх хоёр нь хоёулаа хуулийн процессын хувьд нэлээд удаашралтай цаг их алддаг. Гэсэн ч бид баримттай хийхийг зорьж байгаа. Жишээлбэл, сая Ухаа худагтай холбоотой төсөл дээр хэдэн мянган хуудас баримт цуглуулсан. Бид үүнийг энэ долоо хоногт ажлын хэсэгт хүлээлгэж өгнө.
Мөн баримтууд дундаас хамгийн их мэдэх шаардлагатай. Олон нийтэд төдийлөн түгээгүй баримтуудыг эмхэтгэл болгож хэвлэсэн. Үүгээрээ УИХ-ын гишүүд болон хэвлэлд мэдээлэл өгөхийг зорьсон. Маш цөөн тоогоор хэвлэгдсэн. Мөн эрх ашиг нь хөндөгдөж магадгүй хувийн хэвшлийн төлөөллүүдэд уг эмхэтгэлээ хүргүүлсэн. Бүгд нэг ойлголттой байх ёстой. Энэ номонд бүх баримт цаг хугацааны дараалалтай байгаа. Зохиож бичсэн зүйл байхгүй.
Аливаа зүйл баримттай. Цаастай байх ёстой. Хэн нэгний сэтгэл хөдлөлөөр биш. Хэн нэгний улс төр, баримтгүй яриа үйлдлээр асуудалд хандаж болохгүй. Бидэнд заавал цаасан баримт нь байх ёстой. Засгийн газар ийм байдлаар асуудалд хандаж цаг бага зэрэг алдаж байгаа. Энэ дунд алдаа дутагдал гаргахыг үгүйсгэхгүй. Бид алдаа гаргасан ажлуудаа яаралтай засаж, урагшлуулахаар ажиллаж байна.
Видео:
-Шүгэл ажиллагаа хаагдаж, бусад нь үргэлжилж байгаа-
-5Ш ажиллагаа юу болж байгаа вэ?
-Энэ хүрээнд ажлууд явж байгаа. Бид одоогоор шүгэл ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулаад дууссан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай уг хуулиа батлуулаад шүгэл ажиллагаа дуусах ёстой. Энэ мэтчилэн 5Ш ажиллагааны хүрээнд хийж буй ажлуудаас эхнээсээ үр дүнд хүрснийг нь хууль эрх зүйн орчныг нь сайжруулаад хаах байдлаар ажиллаж байна. Тиймээс тухайлсан ажиллагаа дээр хуулийн төсөл боловсруулах хүртэл ажиллагаа нь үргэлжилнэ.
-Сахал Эрдэнэбилэгийг хэзээ авчрах вэ энэ дээр арга хэмжээ авч байгаа юу. Нэмээд Баян Р.Базар бас барьцаа тавиад Сингапур луу гарчихсан байна. Одоо бас шувуу ажиллагаагаар авч ирэх юм болов юм биш үү. Энэ дээр анхаарч байгаа юу?
-Надад тухайлсан хэргүүдтэй холбоотой нарийн мэдээлэл байхгүй. Гэхдээ шилжүүлэн авах ажиллагаанууд үргэлжлээд явж байгаа. Шувуу ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнээс гадна цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, хар тамхины зэрэг хэрэгтүүдийг шилжүүлэн авч ирж байна. Бид төдийлөн олон нийтэд мэдээлэхгүй байгаагаас биш шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Харин Баян Р.Базарын хэргийн талаар надад одоогоор ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
-Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж өөрийгөө зарласан Ноорог медиагийн ажилтны ах А.Баяржавхланг авч ирэх ажиллагаа юм болж байгаа вэ. Гэр бүлийнхнийг нь бас бариад байгаа гэдэг үнэн үү?
-Миний авсан мэдээллээр хамгийн сүүлд байршлыг нь тогтоочихсон шилжүүлэх авах ажиллагааг бэлтгэж байсан. Яг одоогийн процесс дээр бол би ямар ч мэдээлэлгүй байна. Гэр бүлийнхнийг нь барьж байгаа тал дээр мөн ямар ч мэдээлэлгүй байхгүй. Тодруулаад эргээд олон нийтэд мэдээлэл өгч болно.
-Төгрөг нуурын ордын шалгалтын ажиллагаанд оролцож байгаа. Баримтаар батлагдвал буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж ордыг нь төр 100 хувь авах ёстой-
-Х.Баттулгын Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал юу болж байна?
-Одоо ордуудтай холбоотой бүх сэдвүүд зэрэг явж байгаа. Анзаарвал Ухаа худаг яригдсанаас хойш их олон сэдвүүд гарч ирсэн. Тэр дунд Төгрөг нуурын ордтой холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ асуудал дээр хуулийн байгууллага эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Шалгавал шалгасан шиг шалгаад шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Нэг сэдвээр нөгөөхөө дарж мартуулах зорилготой юм их явдаг. Бид тэрэнд нь автаж Төгрөг нуурын асуудлыг мартаж болохгүй. Монгол Улс 100 хувь энэ ордыг авч, буруутай этгээд нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Гол нь маш сайн шалгаж баримттай ажлаа хийж ёстой. Тэрнээс биш Ухаа худаг, Төгрөг нуур, Цагаан суварга, Оюутолгой, Асгат гэх мэт ордын асуудал дээр ямар нэг байдлаар улс төрийн дүгнэлт хийж болохгүй. Хууль тогтоомжийн дагуу холбогдох ажиллагаанууд нь л хийгдэх ёстой. Мөн би сая нэр дурдагдсан ордуудтай холбоотой шалгалтын ажиллагаа дээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өөрийгөө оролцоог хангаж, үүргээ биелүүлэн ажиллаж байна.
-Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхэд хамгааллын бодлогоо чангаруулах шийдвэр гаргасан байсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна?
-Засгийн газраас хүүхдийн эрхийг хангаж чиглэлээр дорвитой ажил хийх чиглэл өгсөн. Үүний дагуу бид одоо Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Энэ хууль дээр хүүхдийн үрчлэлт болон эрхтэй холбоотой асуудлууд нэлээд дэвшилттэй болно. Мөн насанд хүрээгүй этгээдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг боловсронгуй болгоно. Бас гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсронгуй болгож, хууль сахиулах байгууллагууд хүүхэд хамгааллын асуудлууд дээр онцгой анхаарч ажиллах чиглэлээр хэд хэдэн ажил зохион байгуулж байна.
Д.ЖАРГАЛМАА
Нийтэлсэн огноо2025-05-12